Оросын “Мечел” компани Якут дахь 2,2 тэрбум тоннын нөөцтэй Элга нүүрсний ордыг ашиглах лицензийг 2008 онд авснаас хойш ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх хөрөнгө оруулалт нь төмөр зам барих төсөлд зориулагдсан байна. Тус компани нь өнгөрсөн оны 5 дугаар сард ВЭБ банкинд төслийн болоод төмөр замын тодорхой хувийг санал болгосныхоо хариуд 2 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн юм. Мөн оны 9 дүгээр сард ВЭБ банкнаас “Мечел” компанид 2,5 тэрбум ам.долларын зээлийг тодорхой үе шаттайгаар олгохоор шийдвэрлэж, энэ сард зээлийн гэрээг үзэглээд буй.
ВЭБ банк нь Элга ордын нүүрсний төслийн санхүүжилт дээр Хятадын “China Exim” банктай хамтран ажиллах хэлэлцээр үр дүнд хүрч байгаа талаар ВЭБ банкнаас мэдэгджээ. 2,5 тэрбум ам.долларын зээлийн хэдэн хувийг Хятадын банк олгох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Мечел нь Хятадын “Baosteel Resources” компанитай 960 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэх гэрээг 2013 оны 3 дугаар сард байгуулсан бөгөөд энэ сард гэрээгээ дахин сунгахдаа нүүрс нийлүүлэлтийн хэмжээг 1,2 сая тонн болгон нэмэгдүүлжээ.
Э.Од