Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн яам “Дисковер Монгол” чуулганыг дэмжиж ажиллана

Уул уурхайн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтын ажиллагааны Санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурсан юм.

Энэ  нь  төрийн болон төрийн бус байгууллага  хоорондын хоёр дахь санамж бичиг бөгөөд 2013 онд  хамтдаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж,  2014 онд ямар чиглэлээр  ажиллахаа  үүгээр төлөвлөжээ. 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа  МУУҮА өнгөрсөн хугацаанд  Уул уурхайн яамтай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэвлэл мэдээллээр салбарын талаар үнэн зөв мэдээлэл түгээх, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг 10 чиглэлээр  хамтран ажиллажээ.

Тэгвэл 2014 онд  МУУҮА-ийн жил бүр тогтмол зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монгол”,  уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech”  үзэсгэлэнгийн арга хэмжээг Уул уурхайн яам дэмжиж ажиллахаа Санамж бичгээр баталгаажуулсан байна. Санамж бичигт төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууд  руу шилжүүлэх асуудал тусгагдсан гэдгийг МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба тодотгосон юм.

Монгол улсад геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтний эрх олгох үйл явцыг зохицуулж, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн ажиллах “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт"  саяхан байгуулагдсан. Уг байгууллагын үйл ажиллагааг Уул уурхайн яам  дэмжиж ажиллах юм байна.

Г.Идэр