Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятад цэвэр зэс импортлохоо зогсоож магадгүй

Хятад улс зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй ч ойрын нэг, хоёр жилийн хугацаанд цэвэр зэс импортлогч бус харин экспортлогч улс болж магадгүй тухай "Minmetals Nonferrous Metals"-ийн Дэд Ерөнхийлөгч Шиаогуанг Жин хэлжээ. Тус компани Хятадын дотоодод төдийгүй гадаад улс оронд томоохон орд эзэмшдэг юм. Цэвэр зэсийн импорт танагдсанаар Хятадын зэсийн баяжмал импортлох сонирхол буурахгүй харин ч нэмэгдэх бүрэн боломжтой юм. Одоогийн байдлаар Хятадын зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийн хүчин чадал дотоодын цэвэр зэсийн хэрэглээгээ бүрэн хангахуйц хэмжээнд хүрчихээд байгаа ажээ. Нөгөөтэйгүүр тус улсын хэрэглээ буурч буй тул цаашдаа зэсийн бүтээгдэхүүн экспортлох чиглэлд хандах дүр зураг тодорч буй таамгийг тэрбээр дэвшүүлжээ. Гэвч Хятад улс цэвэр зэс импортлохоо зогсоовол хүрэн металын эрэлтийн гол хэсгийг бүрдүүлдэг улсын хувьд зах зээлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм. Энэ жил Хятад хэр их зэс импортлох эсэх нь санхүүгийн хэрэгцээгээр тодорхойлогдоно гэж тэрбээр тайлбарлажээ. Учир нь тус улсад өндөр хүүтэй хөрөнгө оруулалтад зориулж хөрөнгө босгоход зэсийг барьцаа болгож ашиглах эсвэл дотоодын зах зээлд дахин худалдах явдал түгээмэл байдаг ажээ. Үүнд Хятадын банкуудын зээл олголтын хэмжээ хумигдаж буй нь голлон нөлөөлж буй юм.

Хятадын цэвэр зэсийн импорт энэ оны нэгдүгээр сард 397 мянган тонн, хоёрдугаар сард 379 мянган тонн, гуравдугаар сард 324.3 мянган тоннд хүрчээ.

Одоогийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 6780 гаруй ам.доллар байгаа нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүл үеийнхээс 5.4 хувиар өссөн үзүүлэлт юм.


Б.Төгс