Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудыг холбогдох албаны хүмүүс танилцууллаа.
Тус яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. “Төслийг боловсруулахдаа ард түмний эрх ашгийг дээдэлж, 2006 оны буюу хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд хадлахгүй байхыг мөрдлөг болгосон” хэмээн Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган онцлов.
Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгасан. Уул уурхайн яам өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд уг асуудлыг Асгатын мөнгөний ордтой холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцсэн юм.
Үүнтэй холбоотойгоор уг ордын дээжид технологийн шинжилгээ хийлгэх, орд ашиглах төслийн ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулж, үйлдвэрлэлд бэлэн болгох үүрэг бүхий Төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.
Алтны худалдаанд ил тод байдлыг хангах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсанаас хойш Монгол банкинд 2.040 кг алт тушаасан тухай “Ил тод уул уурхай” хурлын үеэр мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Монгол банкны Ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ” хөтөлбөрийг батласан байна.
Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 35 гишүүн компани ирүүлсэн аж.
Нүүрсний салбарт гарсан өөрчлөлт гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Shenhua Bayannaoer Energy Co.,Ltd” компанитай сар бүр нийт 450.000 тонн нүүрсийг 48.5 ам.доллараар Цагаан хадны нөхцөлөөр борлуулах гэрээ зурагдсан байна. Үүний нийт үнийн дүн болох 21.8 сая ам.долларын 80 хувь буюу 17.4 сая ам.долларыг Монголын талд урьдчилгаа болгон шилжүүлжээ.
“450.000 тонн нүүрсийг экспортлоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн. Цаашид “Shenhua Bayannaoer Energy Co.,Ltd” компанид нүүрс тогтмол нийлүүлэх борлуулалтын гэрэ хэлэлцээрийн шатанд явж байгаа” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь ярьлаа.