Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

М.Энхсайхан: Мега төсөл улс орны аюулгүй байдлыг эмзэг болгодог

Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх том төслүүд яригдаж байна. Ийм үе цагт уул уурхайн том төслүүдийн тухай хэвшсэн түгээмэл ойлголтоос эрс өөр, “Мега төсөл” хэмээх ухагдахууныг гүнзгийрүүлж ойлгох нь нэн чухал юм. Ялангуяа Мега төслийн тодорхойлолт, зүй тогтол, эмзэг байдал, эрсдэл, анхаарах асуудлуудыг Монголын том төслүүд дээр буулган харж, бодитоор үнэлж цэгнэх нь эрсдэлийг урьдчилан харж, төслөө үр дүнд хүргэхэд туйлаас үнэ цэнтэй гэж Mongolian Mining Journal сэтгүүл үзэж байна.

Иймээс бид “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайханыг урьж, “Мега төсөл” сэдвээр илтгэл тавихыг хүссэн юм. 3 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд болсон ажил хэрэгч хуралд томоохон төсөл ТЭЗҮ дээр ажиллаж буй компаниудын баг, хараат бус судлаач, шинжээчдийн 100 гаруй төлөөлөл оролцсон юм. М.Энхсайханы “Мега төсөл” илтгэлийг уншигчдадаа хүргэж байна.

Бүх юм судалгаан дээр төвлөрөх шаардлагатай тийм эрин цагт бид амьдарч байна. Хаана хөгжил байна, тэнд судалгаанд түшиглэдэг. Хятадад 74 think-tank буюу судалгааны байгууллага бий. Энэ 74 байгууллагын судалгаа шинжилгээн дээр тэрбум хүний амьдралыг авч явах төрийн бодлого нь гардаг. Манайх 10-аад судалгааны байгууллагатай гэж тэмдэглэгджээ. Үнэн хэрэгтээ сайн судалгаа хийдэг байгууллага байхгүй. Судалгааны чадавх маш муу байгаа. Судалгаа муу байгаа цагт бид ухаалаг төртэй байж чадахгүй. 

RAND corporation гэж дэлхийн том think-tank бий. Дэлхийн II дайны дараа 1948 онд албан ёсоор байгуулагдсан ч үүнээс өмнө албан бусаар ажиллаж байсан. Эндээс Нобелийн 32 шагналтан төрсөн. Энэ байгууллагад ажиллаж байсан хүний IPA (Independent Project Analysis Institute) институт гэдэг байгууллага бий. Энэ институтын сургалтад би суусан юм. Тэр хичээлд суугаад үүнийг монголчуудад хэлэхгүй бол болохгүй юм байна гээд Мега төслийн тухай ярьж эхэлсэн. Энэ удаагийнхтай нийлээд 6 дахь удаагаа илтгэл тавьж байна. Би өөрийнхөө презентаци дээр голчлон энэ байгууллагын материалыг ашигласан бөгөөд олон зүйлийг монголчлоогүй. Жинхэнэ эхийг алдагдуулахгүйн үүднээс, мөн монголчууд маань монгол хүнээс юм сонсохоор итгэдэггүй учраас шууд хуулбарлан хэрэглэж байгаа юм. 

Мега төсөл дээр хоёр зүйлээс зайлсхийхийг зөвлөдөг.

Нэгдүгээрт, Optimism bias буюу хөөрөл. Манайхан яг одоо хөөрлийн байдалд байна. Төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Цахилгаан станц байгуулъя зэргээр том төслүүд ярихдаа бид маш гоё кино хийж чадаж байна. Кинонуудыг сайн харвал нисдэг тэргээр зураг авсан нь ч бий. Хөөрөл Мега төслийг алдаг. 

Хоёрдугаарт, Planning fallacy. Үүнийг төлөвлөлтийн алдаа гэхээсээ сэтгэлгээний алдаа гэх нь монголчуудад илүү бууж магад. Сэтгэлгээний алдаа гэж юуг хэлээд байна вэ гэдгийг ойлгуулахын тулд хүмүүний түүхэнд байсан нэг жишээг хэлж болох юм. Хүн төрөлхтөн нэг хэсэг дэлхийг хавтгай гэж ойлгож байсан. Мега төслийн боловсруулалт дээр ийм алдаа гаргах аюултай. Мега төслийг зохион байгуулж байгаа хүн хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх хэрэгтэй. Хөөрөлгүй, оновчтой буудах хэрэгтэй. Хөөрөл тэнцвэргүй байдал үүсгэнэ. Хөөрөлд автах нь төслөө зөв хийж чадахгүй, оновчтой буудаж чадахгүйд хүргэнэ. 

Мега төслийг Сэтгэлгээний алдаа, Хөөрөл дагалддаг тул парадокс маягийн үзэгдлүүд Мега төслүүдэд байдаг. Дийлэнх мега төсөл төлөвлөсөн зардлаа хэтрүүлдэг. Суэцийн суваг 1900%, Сиднейн дуурийн театр 1400%, Конкорд нисэх онгоцны төсөл 1100%-иар зардлаа хэтрүүлсэн байна. Энэ нь Мега төслийн бараг зүй тогтол мэт. Зардал хэтрэхээс гадна өгөөж бага байдаг нь Мега төслийн онцлог гэж хэлж болохоор. Үүний жишээ нь Франц Английг далай доогуур холбосон туннель. Энэ туннель 1994 онд ашиглалтад орсон. Өртөг нь 4,7 £ тэрбум, төлөвлөсөн орлого нь 50%-иар буурсан.

Яагаад ийм байдал бий болдог вэ? Олон шалтгаантай. Түүний нэг нь Мега төслийн шийдвэр зах зээлийн үнийн өндөр түвшний үед гардаг. Манайд үүний жишээ “Оюутолгой”. Зэсийн үнэ өндөр байх үед бизнесийн удирдагчид, манай Засгийн газар, ерөөс төслийг сонирхож байгаа бүхэн үнэхээр чухал төсөл гээд шийдвэрээ гаргасан. Шийдвэр гарснаас хойш зах зээлийн үнэ унасан. Зардал хэтрэхээр өгөөж буурдаг. Мега төслийн оролцогчид энэ байдлаас болоод хоорондоо хэрэлдээд суучихдаг. Энэ жишээ яг одоо Монголд өрнөж байгаа.

Мега төслийн өгөөж төлөвлөснөөс бага байдгийн жишээ Денверийн онгоцны буудал. 1995 онд ашиглалтад орсон. Өртөг нь 5 тэрбум $. Төлөвлөсөн зорчигчдын тоо 50%-д ч хүрээгүй. Мега төслийг гоё, бусдаас онцгой хийчих юмсан гэж бодвол тэр төсөл унадаг.

Зардлаа хэтрүүлээд өгөөж нь буурахаас гадна улс орны эдийн засагт айхтар нөлөө үзүүлдэг Мега төслүүд ч бий. Үүний жишээнд 1998 онд ашиглалтад орсон Хонконгийн онгоцны буудлыг оруулдаг. Зардал хэтэрч, орлого төлөвлөснөөс бага байгаад зогсоогүй Хонконгийн эдийн засгийн өсөлтийг удаашруулсан төсөл гэж үздэг.

Мега төслийг хийх явцдаа нэг зүйлийг анзаардаггүй. Тэр нь эмзэг байдал. Хятадад байгуулагдаж байгаа Гурван хавцлын цахилгаан станцыг Хятадын үе үеийн удирдагчид барихыг мөрөөдөж ирсэн. Энэ станцыг барихын тулд 3-4 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Одоо ч төсөл дуусаагүй, ажил нь явагдаж байгаа. Эмзэг байдал нь юундаа байна гэхээр цахилгаан станцад ямар нэг том осол гарвал асар том талбай усанд автаж Хятад оронд өлсгөлөн нүүрлэнэ.

Үүгээр Мега төсөл гарцаагүй чухал боловч улс орны аюулгүй байдлыг хөндөж, эмзэг байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Мега төслийг хэрэгжүүлэхдээ үүнийг бодох ёстой. Бид ч гэсэн Оюутолгойгоос хараат, эмзэг байдалд орчихоод байна. 

Гэхдээ хүн байгаа цагт хүний мөрөөдөл дуусахгүй. Тиймээс Мега төсөл ч дуусахгүй. Мега төсөл гэж ярьж байгаа бүхнийг буруутгаад хэрэггүй. Харин аль нь зөв бэ, яаж ажиллавал зөв бэ гэдэгт суралцах нь хамгийн чухал.

Төслийн менежер гэдэг нь тусгай мэргэжил. Бид ийм тусгай мэргэжилтэн бэлтгэдэггүй. IPA институт сургалтдаа суусан хүмүүст төслийн менежер гэсэн сертификат өгдөг. Тэр сертификатад хүрье гэвэл сургалтуудыг нь дүүргээд кредит оноо цуглуулаад, шалгалт өгөөд явах бололцоотой юм билээ. Бид энэ замаар явахгүй бол болохгүй нь.  

IPA институт жил бүр дэлхийн 800 том мега төслийн мэдээллийг цуглуулж задлан шинжилгээ хийдэг. Тэр төслүүд дээр судалгаа хийгээд, ингээд алддаг юм байна, ингэвэл болохгүй юм байна гээд бүгдийг сургалтаараа заадаг. Гэхдээ компаниудын нэр хүндийн асуудал учраас тэр компани ингэж алджээ гэж нэр зааж ярьдаггүй. Мега төслийн ихэнх нь нурдаг. Гэвч том компаниуд бидний төсөл нурсан гэж хэзээ ч ярьдаггүй. Тиймээс энэ тухай мэдээллийг хаанаас ч олохгүй.

800 мега төсөлд үндэстэн дамнасан болон улс орнуудын  том компаниуд багтдаг. IPA институт энэ том компаниудад л хичээл заадаг. Би тэр халуун тогоонд нь хичээлд суучихсан юм билээ.

Хөрөнгө оруулалт нь 1 тэрбумаас их бол Мега төсөл гэж хэлдэг. Гэхдээ мөнгөний дүн тийм чухал биш. Өөр олон шалтгаанаар Мега төслийг тодорхойлох ёстой. Хамтрагч оролцогчдын тоо их, суурь судалгаа хүнд хэцүү төдийгүй үнэтэй, олон сонирхлын огтлолцолтой, төслийн байршил хүнд, орчин нь дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр төсөл хэрэгжих бололцоогүй, төслийг удирдан зохицуулах эрх зүйн болон байгууллагын тогтолцоо сул, улс төрийн нөлөөлөлд өртөмхий, тусгай зөвшөөрлүүд өгөх орчин муу, шаардлагатай боловсон хүчин дутагдалтай, төслийн багийг бүрдүүлэхэд хүндрэлтэй, төслийн баг тархсан зэрэг олон учир шалтгаанаар Мега төслийг тодорхойлдог. Эдгээр шинж чанараар харвал Монголд хэр баргийн төсөл Мега болчихоод байгаа юм.

Тэр хичээлээс нэг зүйлийг монголчууд мэдэхгүй бол болохгүй болчихжээ гэдгийг ойлгосон. Төсөл, хөтөлбөр хоёрын ялгааг манайд гаргадаггүй, хооронд нь холиод ярьчихдаг. Энэ нь ойлголт нарийн биш байна гэсэн үг. Хөтөлбөр нь олон төслөөс бүрдэх юм байна. Хөтөлбөрийн үр дүн олон төслийн нийлбэрээс илүү байх ёстой юм байна гэдгийг тэр хичээлээс ойлгосон. Төсөл болгон бизнес. Төсөл болгон үр ашигтай байх ёстой. Тэр үр ашигтай төслүүдийн нийлбэр хөтөлбөрийг бий болгоно.

Манайд Сайншанд гэж том хөтөлбөр ярьж байна. Тэнд төмөр зам үр ашиггүй, тээвэрлэж байгаа нүүрс нь үр ашиггүй, төмрийн хүдэр л үр ашигтай байна гэж тооцож болохгүй юм билээ. Олон хэсэг хуваадаг, хольж хутгадаг энэ байдал биднийг асар том алдаанд хүргэж байгааг харсан.   

Мега төсөл тухайн орондоо, хөрөнгө оруулагчдад, дэлхийн эдийн засагт хэрэгтэй. 1990-ээд оноос өмнө дэлхийд Мега төсөл төдийлэн их байгаагүй гэж үздэг юм байна лээ. Мега төсөл харьцангуй шинэ ойлголт. Мега төсөл баялгийг бүтээгч төдийгүй мөн баялгийг устгагч. Тиймээс IPA институт Мега төсөлд анхаарлаа хандуулжээ. IPA институтын судалгаагаар Мега төсөл 2004 оноос идэвхжиж байгаа. Идэвхжиж байгаа учраас Мега төслийг удирдаж сурах нь чухал.

Яагаад Мега төслийг энэ цаг үед судлах хэрэгтэй вэ? Хялбархан хүрч болох байгалийн баялаг хомсдсон, хялбархан хүрч чадах газрын тосоо тухайн орнууд нь хяналтдаа авсан, химийн компаниудын хувьд том зах зээлээр ажиллахгүй бол үр ашиггүй болчихсон, том төслүүд дэд бүтцийн том хөрөнгө оруулалт хийхгүйгээр хэрэгжиж чадахгүй болчихсон учраас цаашдаа Мега төсөл том хандлага болон хувирч байна.

Аливаа төсөл шийдэлд хүрээд хэрэгжих гэж байгаа бол NPV /Net Present Value/  буюу өнөөгийн үнэ цэнийн хувьд эерэг байх ёстой. Манайхан NPV-д төдийлэн ач холбогдол өгдөггүй. NPV эерэг байвал хөрөнгө оруулж болно. Сөрөг байвал хөрөнгө оруулалт хэрэггүй. NPV буюу төслийн өнөөгийн үнэ цэнтэй юмыг холбож ойлгохдоо бид алдаа хийдэг. Зөвхөн бид ч биш гадны том компаниуд ч алддаг. NPV-д ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Зардлаа хэтрүүлбэл NPV хасах руу тэмүүлнэ. Харин төслийг хойш тавих, хугацаа алдах нь NPV-д төдийлэн нөлөөлдөггүй. Мега төсөл төлөвлөсөн үйлдвэрлэлээ 10%-иар багасгаад, зардлаа төлөвснөөс 25%-иар нэмчихэд л NPV маш хурдан хасах руу ордог. Хасах руу орчихвол нэмж хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй, хаасан нь дээр. Энэ хичээлд сууж байхдаа ийм аюул бидэнд тулгарч байгаа юм биш байгаа гэж санаа зовж суулаа.

1 тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унадаг, гуравны нэг нь бүтдэг. 500 сая доллараас дээш төслийн 40% нь унадаг, 60% нь бүтдэг. Бид төсөл мөрөөдөж болно. Гэхдээ унадаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг  устгагч болж байна гэдгийг ойлгох ёстой болж байна. Дэлхийд ийм байхад Монголд ямар байх вэ? Бидэнд энэ талын ойлголт маш сул учраас Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа маш олон төсөл уначихсан байхад гайхах зүйлгүй мэт. Тэр нь эргээд бидэнд өр болоод үлдэнэ. Олон асуудал үүснэ. Гэхдээ Чингис бондыг буруутгаж болохгүй. Чингис бондын хүчинд бид Мега төсөл гэсэн проблемтэй учирч байгаа. Түүнийг хийж чадахгүй, арга зүйг мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ зовлон дундуур туулж байж Монгол урагшлах байх л даа.

Мега төсөлд дундуур гэсэн ойлголт байхгүй. Эсвэл амжилтад хүрнэ, эсвэл унана. Ийм осолтой гэдэг утгаараа Мега төсөл шил юм. Мега төсөл хэзээ ч хагарч унаж болно. Жижиг төслүүд рүү чулуу шидэхэд жаахан хонхойгоод цааш явчих байх. Том төслүүд хэр баргийн чулуунд оногдох юм бол шууд хагарна.

Би Тавантолгой цахилгаан станц төслийг хариуцаад явж байгаа. Хэн нэгэн чулуу шидэхэд энэ төсөл надаас хамаарахгүйгээр унана. Одоо ч надад чулуу шидэж байгаа мэт бэрхшээлүүд тулгарсаар байна. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахаар УИХ Хөрөнгө оруулалтын хууль гаргалаа. Том хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын гэрээ хийж болно гээд хэлчихсэн. Гадныхантай харьцаж гэрээ хийхийн тулд Монголынхоо холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах хүсэлтээ 1 дүгээр сарын дундуур явуулсан. Хариу ирдэггүй, 2 сар хүлээж байна. 2 сар төрийн байгууллагуудаас хариу авч чадахгүй болохоор би хөрөнгө оруулагчидтай яаж ажиллах вэ. Хариу ирэхгүй байгаа нь сайн ч юм шиг. Буруу хариу ирвэл энэ төсөл унана. Мега төсөл шил байдаг учраас хэр баргийн мега төслийг залж явахад хэцүү.

Мега төсөл хэлцлээр боловсронгуй болдог. Мега төслийг хийнэ гэсэн хүсэл байгаад, хүслээ шийдвэр болгочихоод, тэр шийдвэрээр төсөл урагшилна гэж байхгүй. Мега төсөл олон оролцогчтой тул олон сонирхлыг цогц болгох шаардлагатай. Тэр олон оролцогч, сонирхлыг цогц болгосон асуудлыг шийдвэр болгож, түүнийгээ байнга боловсронгуй болгож байх шаардлагатай. Тэгж байж төсөл амжилттай явна. Хэлцэл төслийг тодорхойлдог, харин төсөл нь хэлцлийг тодорхойлохгүй гэдэг нь Мега төслийн асар том ойлголт юм. Deal must shape the project (the project cannot shape the deal!?)

Мега төсөл дээр олон газартай хэлэлцээрт орно. Монголын эрх ашгийг хамгаалах нь гарцаагүй.

Мега төсөлд төслийн гурвалжин гэж ойлголт их чухал. Мега төслийг хурдан, чанартай хийе гэвэл хэзээ ч хямдхан болохгүй. Чанартай, хямдхан хийе гэвэл төсөл хурдан болохгүй. Хямдхан, хурдан хийе гэвэл төсөл чанартай болохгүй гэсэн сонголтууд байдаг. Би Эрдэнэт, Оюутолгой, Улаанбаатар төмөр замыг жишээлж авсан юм. (слайд 34) Эрдэнэт үйлдвэр хурдан, чанартай баригдсан төсөлд орно. 1973 онд шийдвэр гарч, барилгын ажил эхлээд 5 жилийн дараа үйлдвэр ажиллаж эхэлсэн. Зэсийн үйлдвэр барих шийдэлд маш хурдан хүрсэн нь дэлхийн байдалтай холбоотой. Чилид ЗХУ зэсийн том үйлдвэр барих шийдэлд хүрсэн байсан ч далаад оны эхээр Чилид төрийн эргэлт болсонтой холбоотойгоор шийдлээ өөрчлөхөд хүрсэн. Энэ нь бидэнд тус болсон байх. Эрдэнэтэд шийдэл гараад геологи хайгуулын ажил хийгдэж байх явцдаа барилгын ажил явагдсан. “Эрдэнэт үйлдвэр” хурдан, чанартай хийгдсэн, гэхдээ хямдхан болоогүй.          

“Оюутолгой” Монголд ардчиллын жилүүдэд хэрэгжсэн ганц төсөл. Хурдан, чанартай хийгдсэн төсөлд хамаарна. Гэхдээ хямдхан болоогүй. Энэ нь угаасаа Мега төслийн онцлог юм. Ядуугийн сэтгэлгээ ч байх, яагаад хямдхан болсонгүй вэ гээд бид хэрүүл үүсгэх гээд байгаа.

Улаанбаатар төмөр зам хурдан бас хямдхан болсон. Гэхдээ чанартай биш. Оросын Власовын армийнхан ирээд цэргийн зориулалтаар барьсан учраас маш олон мушгиатай. Одоо бол дээд хэмжээндээ тулчихаад Монголын эдийн засгийг чөдөрлөгч хүчин зүйл болоод хувирчихсан. Шинэчлэх асуудал маш тулгамдаад байгаа ч төрийн бодлого болж  чадахгүй байна.

Том төслүүд дээр төслийн гурвалжин хэмээх зүйлийг ойлгох нь маш чухал. Мега төслийг цаг хугацаагаар яаруулбал үхнэ. Том компаниуд их яардаг, яарснаас болж төслөө алдаг гэдгийг IPA ихэд анхааруулж байсан. Яарах өвчин бизнес менежерүүдэд ч байдаг юм байна. Бидэнд ч бас байдаг юм байна. Улстөрчдийн хувьд мега төслийн цикл сонгуулийн циклтэй зөрдөг. Мега төслийн цикл мөнгө нь байгаад, зөв ажиллаад, сайн явахад хамгийн багадаа 6 жилд босдог. Улс төрийн цикл сонгууль 4 жил. 4 жилээр гарч байгаа нэр дэвшигчид тууз хайчлахыг яарна. Хайч гозгонуулбал сонгогчдоос оноо авна. Тиймээс хурдал хэмээн шахаж эхэлдэг. Мега төслийг улстөрчид ингэж алдаг. Бизнес менежерүүд яагаад төслийг алдаг гэхээр хөлсөөр ажиллаж байгаа хүнд мөнгө үрэх нь падгүй. Бас л улстөрчидтэй адил хурдал, зардлыг гарга, цалинг нь өг гээд зардлыг шийдээд байдаг. Тиймээс Мега төслийг алагчид бол хугацаагаар яаруулагсад. Тэд ямар ч хариуцлага үүрэхгүй. 4 жилээр сонгогдож байгаа улстөрчид төсөл унахад хариуцлага хүлээхгүй. Хөлсөөр ажиллаж байгаа удирдлагад төсөл унах хамаагүй, өндөр цалинтай ажиллаж байгаад яваад л өгнө.

Цаг хугацаагаар яаруулах нь төслийг алаад зогсохгүй хүн ална. Яаруулснаас дутуу хөтүү юм хийнэ. Дутуу хийсэн ажлаас болж алдаа гарна, тэр алдаанаас болж хүн ална. Панамын суваг асар том төсөл. Бараг 40-50 жил баригдсан. Францууд 2 удаа оролдоод дийлээгүй. 3 дахь удаад америкчууд оролцсон. Панамын суваг дээр 20 мянган хүн ясаа тавьсан. Үүн шиг  хүн ясаа тавьдаг төслүүд зөндөө. 

Мега төслийн төмөр хууль гэж бий. Хурд төслийг ална. Үнэмлэхүй хурд төслийг үнэмлэхүй ална гэж заадаг. Энэ байдал бидэнд ч тохиолдож байгаа. Би одоо хүнтэй уулзахаас бараг эмээдэг болчихоод байна. Цахилгаан станц чинь хэзээ баригдах вэ гэж хүн бүхэн асуудаг. Эхлээд мөнгөө босгох хэрэгтэй, шороо бужигнуулах амархан гэж би хэлдэг. Сүүлдээ дарга нарыг шаардаад байхаар нь ийм жишээ хэлдэг болсон. Мега төслийг төрүүлэхийн тулд хүүхэд төрүүлэхтэй адил 9 сар тээх хэрэгтэй. Та намайг 7 сартайд хүүхдээ төрүүл гээд байвал тэр хүүхэд амьдарч чадах уу. Мега төсөл хугацаа шаарддаг, няхуур нямбай хийх ёстой, төрөх цагтаа төрдөг, нэг төрсөн бол цаашаа амьдрах чадвартай байх ёстой. 9 сар тээж амьдрах чадвартай хүүхэд төрүүлэхгүй бол шахаж байгаад 7 сартайд төрүүлчихвэл будаа болно гэдгийг ойлгох нь асар чухал юм. 

Бас нэг чухал зарчим бол төслийг байгууллага биш хүн хийдэг. Энэ нь манай өнөөгийн амьдрал дээр их харагддаг. V цахилгаан станцыг хариуцаж байгаа хүн хэн бэ? Маш олон байгууллага, олон хүн дамжсан. Би энд эхнээсээ төгсгөл хүртэл хариуцах асуудлыг ярьж байгаа юм. Өмнө хариуцаж байсан хүний ой санамж дараагийн хүнд үлддэггүй. Төслийг хариуцагч хүн өөрчлөгдөөд байвал төслийг дахиад эхлэхтэй адил зовлон учирдаг. Тиймээс анхнаасаа алдаа хийхгүй зөв хүн тавих, тэр хүн нь эхнээсээ эцсээ хүртэл хариуцах ёстой. Ярьж байсан яриа, бусад олон хэлцэл, нарийн юмнуудыг мэддэг хүн төслөөс гарах юм бол тэгээд л өнгөрнө. Тэр бүү хэл мега төсөл хариуцаж байгаа хүн орой клубт ороод хүнд зодуулах юм бол төслийн унах магадлал 40 хувиар нэмэгддэг гэж хичээл дээр хэлж байна лээ. Тэгэхээр төсөл хариуцаж байгаа хүмүүс архи уугаад энд тэнд хэсэх эрхгүй юм билээ.

Суурь судалгааны алдаа, алслагдмал байршил, тусгай зөвшөөрлийн асуудал, эрсдэл ба тодорхойгүй байдал, эрсдэл даах чадвар гээд төсөл унахад нөлөөлдөг бусад олон хүчин зүйлс бий. Алслагдмал байх тусмаа орон нутагт асуудал их, төслийг хариуцагч баг дотроо нэгдмэл үйл ажиллагаа явуулж чадахгүй, гадаадаас ажиллах хүч ихээр оруулж ирэх хэрэгтэй болно. Ингээд зардлууд нэмэгдсээр эцсийн дүндээ төслийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх аюултай.

Энэ газрын зураг дээр (слайд 42) Мега төслүүд тусгай зөвшөөрлийн асуудалтай хэрхэн тулгарч байсныг харуулж байна. 100 төсөл тутмаас 15% нь АНУ-д зөвшөөрлийн асуудалтай тулгарч байсан бол Африкт 25%, Австралид 15%-иас доош, Азид 40%, Төв Ази болон Орост 70% нь тусгай зөвшөөрлийн асуудалтай тулгарч байна. Бид ч гэсэн зөвшөөрөл өгөхөө их чухалчилдаг. IPA зөвшөөрлөө аваагүй байж хүний нутаг руу хөрөнгө оруулалт хийдгээ болих хэрэгтэй гэж том компаниудад сануулж байна лээ. Бүх бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлсний дараа хөрөнгө оруулах ёстой. Бид ч гэсэн Монголдоо хөрөнгө оруулъя гэж бодож байгаа бол зөвшөөрөл дээр бэрхшээл учруулдгаа болих ёстой юм билээ.

Том төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй. Том төсөл дээр том мөнгө орж ирнэ. Том төсөл, том мөнгө орж ирэх гэж байхад түүнийг хариуцаж байгаа улс бүх ажлаа шалгуулна гэдгээ ойлгож ажиллаж хэрэгтэй. Тавантолгой цахилгаан станц төсөл дээр одоо Probity аудит хийгдэнэ. Probity аудит гэдэг нь шударга байдлын аудит. Бид анх удаа сонсож байгаа. Шалгалт хийх гэж байгааг би өөрийнхөө амжилт гэж харж байгаа. Шалгуулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

Мега төсөл шил учраас эрсдэл маш их бий. Эрсдэл бүрийг урьдчилж харах маш чухал. Гэхдээ мега төсөл дээр урьдчилж харах боломжгүй эрсдэлүүд маш их байдаг. ‘’Unk-Unks’’ гэж томьёолол бий. Тиймээс Мега төсөл дээр эрсдэлийн менежмент онцгой байх ёстой гэж хэлдэг. Африкт нэг том усан цахилгаан станц барьжээ. Их том төсөл. Гэтэл хэний ч бодоогүй асуудал тулгарсан. Усан цахилгаан станц барихаар усны урсгал багассан. Үүнээс үүдээд голоос доошоо урсгал дагууд нь амьдарч байсан хүмүүсийн нүдийг сохолдог бактер үүссэн байна. Үүнийг хэн ч урьдчилж харж чадаагүй. Мега төсөл асар том төдийгүй олон эрсдэлтэй, дээр нь тооцож чадахгүй эрсдэл их учирдаг учраас эрсдэлийн менежмент онцгой чухал гэдгийг энэ жишээ харуулдаг.

Энэ бүгдээс харвал Мега төсөл казино юм. Гуравны нэг нь бүтдэг, гуравны хоёр нь алддаг гэхээр казино юм байна. Билл Гейтс казинод ороод 100.000 ам.доллараа алдвал хүмүүс азгүй байна л  гэнэ. Гэхдээ энэ хүн казино ордог хүн биш. Тэр бол Risk-Averse. Risk-Averse, Risk-prone гэсэн үгийг би эрсдэл даах чадвар гээд байгаа. Нарийндаа бол казинод дуртай, дургүй гэсэн ойлголт. Билл Гейтс казинод дургүй. Харин хэр баргийн монголчууд казинод орно доо. Байшин, машинаа барьцаалаад 100 мянган доллар бариад Монголын нэгэн сайн эр казинод орох, Билл Гейтс казинод орох 2 асар том ялгаатай. Үүнийг л эрсдэл даах ялгаа гэдэг. Мега төсөл казинод орохтой адил юм бол Оюутолгойгоор жишээ авахад Оюутолгойн 66% гадных, 34% монголчуудынх. Хэн эрсдэл даах чадвартай байна вэ. 66%-тай нь маш их эрсдэлд орж байгаа мэт боловч үнэндээ тэд том эрсдэлд орохгүй, энэ төслийг хойшлуулж чадна, хойш тавьчихаж болно. Харин 34%-тай бид Оюутолгой зогсвол яах вэ. Ялгаатай байгаа биз дээ. Энэ ойлголтыг бид мэддэггүй, юм л авч байвал гэсэн байдлаар ханддаг. Тиймээс би 34%-ийг буруу байсан гэх гээд байгаа юм. Үүнийг ч одоо бүгдээрээ ойлгож байх шиг байна.

IPA институтын хичээл дээр, том компаниудыг казино тоглох дуртай, эрсдэл хийх дуртай хүмүүстэй холбогдчихов гэж сэрэмжлүүлдэг. “Оюутолгой” төсөл дээр тэр казино тоглох дуртай улсууд нь бид болчихоод байна. Улстөрчид ч гэсэн төрийн асуудалд казинодох шиг ханддаг болчихсон байж магадгүй. Ийм байдлаар явах нь асар буруу юм байна гэдгийг л би хэлэх гэсэн юм.

Мега төслийн ухаанд нэвтрэхгүй бол, чадамжийг бий болгохгүй бол бид том төслүүд хийж чадахгүй. Том төсөл хийж чадахгүй бол Монголын хөгжлийн тухай яриад хэрэггүй.

Чухалчилж хэлэх нэг зүйл бол Мега төсөл Төр Хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас бүрдэнэ. Төр ямар ч зүйлд оролцдоггүй, өмчилдөггүй байсан ч төрөөс хамаарахгүй Мега төсөл гэж үгүй. 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай том төсөл байлаа гэхэд тэр төсөл ажиллахын тулд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Мега төсөл дээр Төр Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа асар чухал. Бид Төр+Xувийн хэвшил гээд бодоод дадчихсан. Xувийн хэвшил+Төр гэвэл зөв болох юм билээ. Бид Төр+Хувийн хэвшил=PPP гэдэг зүйлийг шинэ түвшинд гаргаж ойлгохгүй бол Мега төслүүд хэрэгжихгүй юм билээ. Манай зөвлөх SMBC бидэнд нэг хичээл заахдаа РРР гэдэг зүйлийг хамгийн сайн хөгжүүлсэн газар бол Англи. Англичууд РРР-ийг мөхөөлдөс идэж байгаа юм шиг хийдэг гэж хэлж байсан. Тэнд мөхөөлдөс идэж байгаа мэт зохион байгуулдаг асуудлыг бид улс даяараа хэрэлдээд маргалдаад бардаггүй. Тиймээс бид урагшаа явж чадахгүй байна.

Мега төсөлд Project Finance гэдэг зүйлийг ойлгох нь маш чухал. Бидэнд энэ талаар SMBC маш урт лекц уншиж байсан юм. Түүнийг хялбар ойлгуулах үүднээс эрчим хүчний салбар дахь төслүүд яаж явсныг слайдаар харуулъя. (слайд 48)

Төслийг санхүүжүүлэх хэд хэдэн арга байдаг. Public Finance буюу Төр өөр дээрээ зээл аваад санхүүжүүлэх арга бий. Эрчим хүчний салбарт Хятадаас 25 сая $ зээл авч, Дөргөний 12MW УЦС-ыг барьсан нь амжилттай болсон. Тайширын 11 MW УЦС-ийг Кувейтийн сангаас 39 сая $ зээл авч барьсан, болж байна. Гэхдээ энэ аргыг жижиг төсөл дээр л ашигладаг.

Corporate Finance буюу Төр зээл авах биш, хөрөнгө оруулагч өөр дээрээ зээл авч санхүүжүүлдэг нэг арга байна. Манайд энэ аргаар амжилттай хэрэгжсэн төсөл бол “Энержи ресурс”-ын 18 MW цахилгаан станц. Жижиг учраас энэ төсөл амжилттай болсон. “Эрдэнэс Тавантолгой”  300MW  цахилгаан станцын төслийг энэ аргаар санхүүжүүлнэ гээд явсан, баригдаагүй. Баригдаагүй олон шалтгаан байгаа байх. Гэхдээ нэг том асуудал нь “Эрдэнэс Тавантолгой”-д ийм том цахилгаан станцын зээл өгөх газар олдох уу? Санхүүгийн чадамж, бололцоо, түүхийг нь хараад зээл өгөх үү?  Өгөхгүй нь ойлгомжтой. “Оюутолгой” энэ аргаар 1 тэрбум $ хөрөнгө оруулалт босгож, 450 MW цахилгаан станц барина гээд явсан. Өөрсдөө санхүүгийн хямралд ороод баланс нь хасах гараад бүтээгүй.

Project Finance гурав дахь том арга нь. Энэ нь төсөл санхүүжүүлнэ гэсэн үг. Төр, хөрөнгө оруулагчийн аль нь ч биш, төслийн компани төсөл бичиж зээл авч байгаа юм. Гуравдагч хувилбар дээр манайд үлгэрлэх жишээ байхгүй. Нэг жишээ байж болно. Тэр нь Салхин цахилгаан станц. Гэхдээ салхин цахилгаан станц манай эрчим хүчний салбарт хувь нэмэр авчрах эсэхийг хэлж мэдэхгүй. Салхин цахилгаан станц манайд шөнө илүү ажилладаг юм байна. Шөнийн цахилгаан бидэнд хэрэг байхгүй. 4 дүгээр цахилгаан станц зуухаа унтраачихвал өглөө генератораа асааж чадахгүй учраас шөнө ажиллаж байгаа цахилгаанаа бүгдийг Орос руу үнэгүй шахуу урсгадаг. Үүний хажуугаар салхин цахилгаан станц нэмэгдэж шөнө цахилгаан урсгаад яах юм бэ. Төсөл боловсруулалтад алдаа байна, тохиролцоонд алдаа байна, харин баригдсан гэдэг утгаараа амжилттай. Хэрвээ шөнө ажиллаж байгаа цахилгааны мөнгийг төлнө гэвэл 4 дүгээр цахилгаан станц алдагдалд орно. Эрчим хүчний салбар сөхөрнө. 

Project Finance буюу Төслийн санхүүжилт гэдэг хэлбэрээр Тавантолгой цахилгаан станц анх удаагаа явахаар оролдож байна. Төслийн компани алд дэлэм хэрийн цаас боловсруулна. Бүх талын сонирхлыг тохируулан боловсруулсан төслийг банк шалгаад ажиллах боломжтой гэж үзвэл мөнгөө гаргана.

Corporate Finance-ийг компани өөр дээрээ авч байгаа учраас дансаа, өөр бизнесүүдээ барьцаалдаг. Project Finance дээр данс болон бусад бизнесийг барьцаална гэсэн ойлголт байхгүй. Мега төсөлд хамтрагч, хөрөнгө оруулагч чухал. Эцсийн дүндээ хамгийн чухал нь банк. Банкны шаардлага нэн чухал. Том төслийг компаниуд биш банк л санхүүжүүлнэ. Банкуудын шаардлагыг хангасан баримт бичиг боловсруулах ёстой. Банкуудын шаардлагад хүрч байгаа бол тэр баримт бичиг bankable. Bankable гэхээр бид банкинд аваачиж өгөх бичиг гэж ойлгодог. Тийм биш, тэдний шаардлагыг хангасан бичгийг bankable гэж байгаа юм. Бичиг баримт боловсруулах явцдаа санхүүжүүлэх чадвартай банкуудтай ажиллах, тэдний шаардлагыг анхнаасаа мэдэж ажиллах нь их чухал. Энэ бол монголчууд бидний яваагүй цоо шинэ зам.

Тавантолгой цахилгаан станц 4 том хөрөнгө оруулагч сонгочихсон байгаа. Японы “Kansai Electric Power”, “Marubeni Corporation” Солонгосын “Daewoo Engineering & Construction”, Франц, Солонгосын хамтарсан “GDF Suez & Posco Energy” консорциум гээд байж болох том компаниудыг сонгосон. Энэ компаниуд Тавантолгой цахилгаан станц төсөлд хэрэгтэй, чухал. Гэхдээ эд зөвхөн өөрт ногдох хөрөнгийг л оруулна. Тэр хөрөнгө оруулалт том биш. Том хөрөнгө оруулалтыг банкууд л хийнэ. Бид том хөрөнгө оруулагчидтай нэг сонирхолтой болж байж банкны өмнө очих ёстой. Түүнээс биш хэн нэгэнд нь бүгдийг даатгаж болохгүй. 

Бид хаана их алдаа хийгээд байна вэ? Том төслийг боловсруулахад Science driven, Business driven, Project driven гэсэн гурван том үе шат байх ёстой гэж хуваадаг юм билээ. Бидний хамгийн том алдаа нь Science driven-ийг хаядаг. Шинжлэх ухааны асуудлыг, энгийн инженерийн асуудлыг шийдээгүй байж бизнесээ яриад явдаг. Бизнес нь явж байтал Science driven нь эргэж босч ирээд төслөө унагачихдаг.

Ерөнхийдөө өнөөдөр Монголд болж байгаа үзэгдлүүд, том төслүүд Science асуудлаа шийдээгүй, бизнесээ яриад гүйлдээд байгаа учраас 99%-ийн магадлалтай унана. Унагахгүйн тулд энэ ухаанд хурдан суралцах нь чухал байна.

Презентациа бэлдэж байхдаа монголчууд бид нэг ойлголтод суралцмаар юм уу гэж бодож байлаа. Төслийг зогсоож сурах хэрэгтэй байна. Төслийг зогсоох гэсэн ойлголт бидэнд байдаггүй. Нэг төсөл ярьчихаараа горьдлого тээгээд салдаггүй. Төслөө хэзээ бүтэхгүй вэ гэдгийг мэдээд цаг дэмий алдахгүй, хөрөнгө мөнгө дэмий үрэхгүй байх үүднээс зогсоож сурах хэрэгтэй. Төслийг зогсоох шалгуурууд байдаг юм байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын өгөөж муу байвал зогсоох хэрэгтэй. Цахилгаан станцын хөрөнгө оруулалт яриад явж байхад бүгд хөрөнгө оруулалтын өгөөжийг 2 оронтой тоо байх ёстой гэж хэлж байгаа. Дараагийн шалгуурууд нь хариуцлагын хэм хэмжээ, байгаль орчин, аюулгүй байдал (limits of liability, environmental safety).

Төслөө зогсоодог шалгуургүй улс хэлэлцээрийн ширээний ард маш сул суудаг. Би хөрөнгө оруулагчтай, банкуудтай суухад надад төслөө зогсоох шалгуур байхгүй. Өөртөө бий болгож болно. Гэхдээ Засгийн газар энэ нөхөр төслийг босгож өгөх байх гэж найдаж, төслөө хийгээрэй гээд түлхээд байгаа. Би төсөл зогсоох эрхгүй учраас хөрөнгө оруулагч, банкны өмнө очоод хэлэлцээрт суухдаа гуйлгачингийн дүрд тоглох шаардлагатай. Би төслөө зогсоож чадна гээд сууж байвал тэд надтай хэлэлцээрийг хэвийн хийнэ, бизнесээ тохирно. Энэ нөхөр цаад Засгийн газартаа шахуулчихсан, төсөл нь үхвэл өөрөө үхэх хүн байгаа юм гээд ойлгочихсон бол намайг хэлэлцээрт ална. Би хэлэлцээр дээр алуулахгүйн тулд гуйлгачин болж байгаа. Хэлсэн бүхэн чинь зөв гээд гүйж байна. Төслөө зогсоож сурахгүй бол та нар хэлэлцээрийн ширээний ард дуугүй суух болно.



Н.Ариунтуяа

  • Aasimah Aadila (197.210.173.23)
    хүн бүрт сайн шинэ Aasimah Aadila зээлийн компанийн захирал нь ТУЗ-ийн одоогоор гарч бидний бүх өндөр хүндэтгэх өргөдөл гаргагчид зээл 2 -ийн хүүтэй энэ шинэ жил танд бид та нараас хэрэгтэй санхүүгийн needsAll хангаж өгч байгаа талаар зарим нэг мэдээлэл юм та хэрэв та сонирхож байна Ямар ч хэлбэр нь хураамж stressThere бага онлайн факс Цалин буусан өдөр цалингаа зээл нь хурдан үргэлж бэлэн шийдэл юм Муу зээлийн Цалин буусан өдөр цалингаа зээл Хэрэв та ийм эмчилгээ шаардлагатай байгаа нь малын эмч нь таны нохойг авах нь таны жижиг санхүүгийн үүргийг шийдвэрлэх хувьд боломжтой болгодог хамгийн сайн хэсэг нь та нар мөнгөний төлөө эцэг эх нь хаалга тогших байхгүй байна байна гэх мэт Хэрэв та сонирхож байгаа нь манай портал харилцагч дээр бидэнтэй холбоо барина уу хэрэгтэй бол aasimahaadilaahmedloanfirmgmailcom бид танд хүсэлт авч үзнэ амлаж байна бүх Сонирхсон бол зээлийн компанийг шууд нөлөө нь шалгаж болно Энэ нь дүүргэх бүхнийг чадагч Аллах таныг адислах болтугай
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Aasimah Aadila (197.210.173.23)
    хүн бүрт сайн шинэ Aasimah Aadila зээлийн компанийн захирал нь ТУЗ-ийн одоогоор гарч бидний бүх өндөр хүндэтгэх өргөдөл гаргагчид зээл 2 -ийн хүүтэй энэ шинэ жил танд бид та нараас хэрэгтэй санхүүгийн needsAll хангаж өгч байгаа талаар зарим нэг мэдээлэл юм та хэрэв та сонирхож байна Ямар ч хэлбэр нь хураамж stressThere бага онлайн факс Цалин буусан өдөр цалингаа зээл нь хурдан үргэлж бэлэн шийдэл юм Муу зээлийн Цалин буусан өдөр цалингаа зээл Хэрэв та ийм эмчилгээ шаардлагатай байгаа нь малын эмч нь таны нохойг авах нь таны жижиг санхүүгийн үүргийг шийдвэрлэх хувьд боломжтой болгодог хамгийн сайн хэсэг нь та нар мөнгөний төлөө эцэг эх нь хаалга тогших байхгүй байна байна гэх мэт Хэрэв та сонирхож байгаа нь манай портал харилцагч дээр бидэнтэй холбоо барина уу хэрэгтэй бол aasimahaadilaahmedloanfirmgmailcom бид танд хүсэлт авч үзнэ амлаж байна бүх Сонирхсон бол зээлийн компанийг шууд нөлөө нь шалгаж болно Энэ нь дүүргэх бүхнийг чадагч Аллах таныг адислах болтугай
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (130.102.158.21)
    монголчууд монгол хүнээ итгэж сонсдоггүй гэж яг үнэн шүү Ялангуяа гадныханы хажууд тэгж хийлгэх үнэхээр муухай
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (130.102.158.21)
    Маш сайхан илтгэл байна Олон олон чухал санаануудыг дэвшүүлжээ Энд дурьдсан болохгүй байгаа зүйлсийг нэг мега төслийн хүрээнд өөрөөр хийж үзэх хэрэгтэй Үүнд манай өндөр хөгжсөн оронд сурч боловсорсон залуус их үүрэгтэй Магадгүй тэдэнд юм хийх боломжийг өгөөч энэ ажилдаа татан оролцуулаач Энхсайхан гуайд амжилт хүсье
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • бөө (202.170.65.137)
    Үнэн зөв юмнуудыг хүүрнэн өгүүлжээ Ийм зан л монголчуудад дутагдаж байгаа ЭНхсайхан гуай шударга байж эх орныхоо хөгжилд сайнаар хувь нэмэр оруулаарай гэж гуйя
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.226)
    Маш сайхан илтгэл болжээ Төслөө зогсоох хөдөлгөх эрхгүйшу-ны онол нмын бизнесийн ашиг ноогдлын төслийн хэрэгжүүлэлтийн үе шат боловсруулалтгүй бол мега төсөл бүү хэл жижиг арилжаа ч унаж сүйрийшд Яг өлгийтэй хөлд орж буй хүүхэдтэй адил шүү АМЖИЛТ
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Expert (122.201.28.4)
    amjilt husie Mongold heregjih magadlaltai gants mega tosol gej harj bgaa
    2014 оны 04 сарын 30 | Хариулах