Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

О.Чулуунбат: Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ бэлэн болсон

Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг есдүгээр сард эхлүүлэх талаар тодорхой хариулжээ. Тэрбээр Лондонд болж буй Монголын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр  “Ройтерс” агентлагт энэ талаар ярилцлага өгсөн байна. Тодруулбал ирэх 9 дүгээр сар гэхэд “Рио Тинто”-той уурхайн санхүүжилтийн талаарх асуудлыг цэгцлэх учиртай. Ингэснээр жил хагас эсвэл хоёр жилийн дотор далд уурхай ашиглалтад орно гэж тэрбээр тайлбарлажээ. Мөн Монгол улс “Рио Тинто”-той санал зөрөлдсөнөөр манай орны нүүр царайнд ихээхэн сөргөөр нөлөөлснийг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. Иймд бид өмнө хийсэн алдаанаасаа суралцан, одоо ахиц дэвшил гаргахаар чармайж буйг онцолжээ.

“Бид хуулиндаа зарим нэг алдаа хийсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид уул уурхайн салбарын хууль, журмыг хэтэрхий чангатгасан нь өсөлтийг бууруулах гол шалтгаан болсон” тухай тэрбээр нэмж өгүүлжээ.

Мөн Оюутолгой төслийн далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссаныг тэмдэглэжээ.

Ийнхүү 9 дүгээр сар гэхэд талууд далд уурхайн санхүүжилтийг хийж эхлэх тухай ярьж буй ч хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбоотой асуудлыг хоёр тал хэрхэн шийдвэрлэх нь хамгийн их сонирхол татсан сэдэв болж байна.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Нью-Йоркийн бирж дээр Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources компанийн хувьцааны үнэ 2.5% өсч 4 доллар болжээ.


Б.Төгс