Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төмөр замын төсөлд Дэлхийн банк оролцохоо мэдэгдлээ

Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байна. Тэрбээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амжиргаа II” төслүүдийн хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яамтай хийж дуусчээ. 

Улмаар төслүүдийн талаар санал солилцохоор өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзсан байна.

Уулзалтын үеэр манай тал ноён Клаус Роландаар дамжуулан Дэлхийн банкинд хандаж, өчигдөр УИХ-д өргөн бариад буй “Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл” болон түүнд тусгасан царигийн талаарх заалтуудыг танилцуулсан. Түүнчлэн төмөр замын дээрх төслийн дийлэнхийг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр явуулах бөгөөд бүтээн байгуулалтын эл ажилд Дэлхийн банк оролцох бүрэн боломжтойг дуулгалаа. Хариуд нь ноён Клаус Роланд манай улс дахь дэд бүтцийн төслүүдийг Дэлхийн банк нэлээд сонирхож байгаа бөгөөд буцаж очмогцоо концессын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээж, Эдийн засгийн хөгжлийн яамны Концессын хэлтсийнхэнтэй хамтран ажиллуулахаа мэдэгдлээ. Тэрбээр мөн төмөр замын бүтээн байгуулалт, царигийн тухай удаан хугацааны асуудал шийдэлд хүрснийг сайшаагаад аж үйлдвэр, экспортдоо тулгуурласан Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн зам нээгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Манай улсын хувьд хоёр хөршийг холбох таван шугам хоолой буюу Автозам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, газрын тос дамжуулах шугамын бүтээн байгуулалтын ажилд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм.


С.Болд