Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

МУУҮА-ийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна


Уул уурхайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон төрийн бус байгууллагуудын нэг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ үүсэн байгуулагдсаны   20 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тус ассоциаци 1994 онд байгуулагдсан цагаасаа гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх гүүр болсоор  ирсэн юм.

МУУҮА түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээндээ ихээхэн ач холбогдол өгч Онол, практикийн бага хурал, ассоциацийн үе үеийн удирдлагуудын уулзалтыг зохион байгуулж байна.

 Монголын уул уурхайн өнгөрсөн ба ирээдүйн 20 жилийн түүхийг өгүүлсэн  “Хамтдаа хөгжсөн 20 жил” баримтат нэвтрүүлгийг уул уурхайн салбарын мэргэшсэн сэтгүүл “Mongolian Mining Journal”-ийн дэргэдэх “Хөгжил” студитай хамтран бэлтгэж олон нийтэд хүргээд байгаа. Мөн  салбарын 20 жилийн түүхийг өгүүлсэн дурсамжийн номыг бэлтгэн хэвлүүлжээ.
МУУҮА   өнөөдөр 14 цагт  Corporete Convention зочид буудалд “Хувийн хэвшил-эрдэс баялгийн салбар 20 жил” бага хурлыг зохион байгуулах аж.   МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба уг бага хурлыг  нээж,  Ашигт малтмалын газрын удирдлага мэндчилгээ дэвшүүлэх юм.

Мөн МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба “Эрдэс баялгийн салбарын эрх зүй 20 жилд”, Гүйцэтгэх захирал Н.Алгаа “МУУҮА-олон талт хамтын ажиллагаа”, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд “Монгол улсын алтны салбар 20 жил”, “Нүүрс”  ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран “Нүүрсний салбар 20 жилд”,  Монголын жоншны холбооны тэргүүн Х.Бадамсүрэн “Жоншны салбар 20 жилд”,  МУУҮА-ийн менежер Д.Энхболд “Монгол улсын металлын салбар 20 жилд” сэдэвт илтгэлийг тус тус тавих ажээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, татварын зохистой хувь хэмжээг тогтоох,  хувийн хэвшлийн  бизнесийг үйл ажиллагааг дэмжих зэрэг олон талт ажлыг  МУУҮА амжилттай зохион байгуулж ирсэн юм.

1994 онд хувийн хэвшлийг анх удаа геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн Ашигт малтмалын тухай хууль  батлагджээ. Уул уурхайн салбарын анхны хууль эрх зүйн орчин тавигдсан тэр цагаас хойш  МУУҮА   хувийн сектортойгоо хамтдаа хөгжиж бэхжиж, салбарт үүссэн хүндрэл  бэрхшээлийг даван туулж  өнөөдрийг хүрчээ.
Тус ассоциаци хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, салбарын тогтвортой хөгжилд бие даасан инстутицийн хэлбэр рүү  эрчимтэй явж байна.  Тиймдээ ч 2001 оноос хойш   Дүрмэндээ гурван өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл,  байгууллагын эрх мэдлийн хуваарлилтыг тодорхой болгох,  өдөр тутмын үйл ажиллагаандаа гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх  чиглэлийн өөрчлөлтүүд хийгдсэн байна.
Ассоциаци нь өнөөдөр дотоод ардчилсан удирдлагатай, тогтвортой, байнгын үйл ажиллагаатай, дотоод гадаадад танигдсан томоохон Төрийн бус байгууллага болон бэхжиж байна.   


Г.Идэрхангай