Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэс өсч, төмрийн хүдэр буурав

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ. Харин эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 93.7 сая доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 82%-иар буурсан байна. Гэхдээ гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс тавхан сая доллараар өссөн байна.

Эхний 4 сарын экспортын 83%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үед 87%-ийг эзэлж байсан юм.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дотор зэсийн экспорт бараг хоёр дахин өсчээ. Эхний 4 сард 316 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 530.2 сая долларын орлого олсон байна. Биет хэмжээний хувьд 70% өссөн бол үнийн дүн нь бараг 2 дахин нэмэгдсэн. Алтны хувьд 2.5 тонныг экспортолж, 90 сая долларын экспорт хийсэн нь үнийн дүнийн хувьд өнгөрсөн оны мөн үеэс 64.5%-иар өсчээ. Газрын тосны экспорт ч 54%-иар өсөв. 2 сая баррель газрын тос экспортолж, 207 сая долларын орлого олсон нь биет хэмжээ 47%, үнийн дүн 54%-иар өсчээ.

Харин өнгөрсөн жил тогтмол өсч байсан төмрийн хүдрийн экспорт 44%-иар буурчээ. Өнгөрсөн оны эхний 4 сард 1.9 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 223 сая долларын орлого олж байсан бол энэ онд 1.6 сая тонн орчмыг экспортолж, 126 орчим сая долларын орлого олжээ. Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 18%, үнийн дүн 44%-иар буурчээ.

Нүүрсний хувьд ч 5.3 сая тонныг экспортолж, 7%-иар өссөн ч 272 сая долларын орлого олж, үнийн дүн нь 20%-иар буурчээ.



С.Болд-Эрдэнэ