Шинэчлэлийн Засгийн газрын төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Уул уурхайн яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагатай харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагын захирал Л.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан юм.
Ингэснээр уул уурхайн салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлт зэрэгт хийсэн судалгаанд үндэслэн ажиллагсдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах ажээ.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг олон нийтэд танилцуулах, сурталчилах, ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад чухал ач холбогдолтой хэмээн холбогдох албаны хүмүүс онцолсон юм.
Г.Идэр