Манай улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН банк нь монгол инженерүүдийн оюуны бүтээл Ай Ти Зон компанийн “Compassmate 1.0” хөдөлгөөнт объект хяналтын системийг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж байна. Тиймээс энэхүү хөдөлгөөнт обьект хяналтын систем, түүний үүсгэж буй үр өгөөжийн талаар Хаан банкны Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн А.Жаргалтай ярилцлаа. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед програм болон техник хангамжийн дэвшилтэт шинэ, шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ажлаа хөнгөвчлөх, хариуцлагатай, үр ашигтай ажиллагааг бий болгох нь бизнесийн байгууллагуудын гол зорилт болж байна. Аливаа байгууллага бүрт бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагч, хэрэглэгчиддээ хүргэх болон компанийн дотоод үйл ажиллагааны хэрэгцээнд зориулсан тээвэрлэлтийн ажил байнга хийгддэг. Тиймээс ч тээврийн хэрэгслийн байрлалыг тогтоох, хянах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд “GPS tracking system” буюу тээврийн хэрэгслийн хяналтын систем ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна.
ХААН банк GPS Tracking system-ийг хэрэглэх болсон шалтгаан юу вэ?
Манай банк нь Улаанбаатар хотод 80 гаруй, улс даяар 500 гаруй салбар, тооцооны төвтэй Монгол улсын хамгийн том сүлжээтэй банк юм. ХААН банк хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэ, өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд мэдээж автомашинууд зайлшгүй хэрэгтэй, тиймээс манай банкны автомашины тоо томоохон авто баазын дайтай, манайхаас ийм олон тооны машинтай байгууллага тийм ч олон байдаггүй болов уу. Тиймээс ч бид банкны салбар дотроос энэхүү хөдөлгөөнт объект /GPS/ хяналтын системийг анх удаа хэрэглэж эхэлснээрээ ихээхэн онцлогтой.Компанийн хувьд автомашины тоо ихсэх тусам хяналт алдагдаж эхэлдэг. Цөөн авто машинтай байхад оператор зохицуулаад болдог байсан бол олон машинтай болоод ирэхээр асуудал төвөгтэй болж байгаа юм. Машин болгоны үйл ажиллагааг зохицуулж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийн, урт удаан хугацаанд ашиглах, илүү найдвартай байлгах гэдэг нүсэр бөгөөд зайлшгүй чухал ажиллагаа. Энд тэнд явж байгаад эвдэрч байна уу, аваар осолд оров уу, халдлагад өртөж байна уу гээд бүгдийг хянана гэдэг тун хэцүү. Иймээс GPS Tracking system хэрэглэх нь бидний ажилд зайлшгүй шаардлагатай гэж шийдсэн. Хэрэгцээг маань ч “CompassMate GPS tracking system” хангаж байна гэж үзэж байгаа.
GPS Tracking system ашигласнаар үйл ажиллагаанд тань хэрхэн нөлөөлж байна? Та бүхний хүлээж байсан хүлээлтэд хүрч байна уу?
Манай банк анх 2011 онд Төв банкныхаа машининуудад GPS системийг суурилуулан, ашиглаж үзэн туршихаар болж байлаа. Энэ жилээс эхлээд салбаруудынхаа машинуудад GPS систем суурьлуулж эхлээд байна. GPS Tracking system ашиглах нь машинуудад бүрэн хяналт тавин тодорхой төлөвөөр тайланг авч нэг салбарын гадаа хэчнээн удаан зогсож байна, заасан маршрутаар явж байна уу гэх мэт олон мэдээллийг авах боломжийг олгож байна. Жишээ нь банкны мөнгөний машинууд хаана явж байна, өглөө хэдэн цагт гарч, орой хэдэн цагт бууж байна гэх мэт нарийн мэдээллүүдийг манай оператор тогтмол хянаж байна.
Манай оператор өнөөдөр ямар машин хаашаа ямар ажилд явах вэ гэдгийг удирдан зохицуулдаг. Урьд нь машин хуваарилах асуудал нэлээд төвөгтэй байсан бол одоо багагүй хөнгөрч байгаа. Энэ машин хаана явж байна гэдгийг хяналтын дэлгэцээс хараад тэр машиныг ойрхон байгаа өөр ямар ажилд ашиглах вэ гэдгийг түргэн шуурхай шийдвэрлэдэг болсон. Жолооч нар ч худлаа хэлэх боломжгүй болсон, мөн зөвшөөрөлгүй өөр чиглэлд явах, хувийн хэрэгцээнд ашиглах гэх мэт зөрчлүүд үгүй болсон. Энэ мэтчилэн хяналт тал дээр маш үр өгөөжтэй байгаа. Compassmate GPS Tracking system-ийн бас нэг давуу тал нь энд тэнд осол аваар гарахад мэдээлэл авах боломжтой. Энэ мэтчилэн олон давуу талыг бидний үйл ажиллагаанд бий болгож байгаа, мэдээж зарим нэг тохиолдолд системийн асуудал гарч байсан ч хоёр тал үүссэн асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэн, аль аль талдаа хүндрэл учруулахгүй байх тал дээр хамтарч ажилладаг. Тиймээс ч энэхүү GPS Tracking system манай ажилд чухал юм байна гэж үзсэн цаашид тус системийг бүрэн ашиглах, Ай Ти Зон компанитай илүү ойр ажиллана гэж төлөвлөж байгаа.
Манай улсад энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бас нилээдгүй байдаг. Яагаад чухам Ай Ти Зон компанийн Compassmate 1.0 GPS хяналтын системийг суурилуулах болсон бэ?
Юун түрүүнд мэдээж судалгаа хийж сонгосон. Тухайн үед хоёр компани GPS систем суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байсан шиг санаж байна. Ер нь бол бусад GPS тээврийн хэрэгслийн хяналтын системийг нийлүүлдэг байгууллагууд гадаад програм хангамжийг орчуулаад шууд нийлүүлчихдэг учраас тус програмуудад нэмэлт хөгжүүлэлтийг хийх боломжгүй байдаг сул талтай юм байна лээ. Харин Compassmate програмыг Ай Ти Зон компанийн монгол инженер програмистууд хөгжүүлэн гаргаж ирсэн учраас бидний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боломжтой нөхцөл байдлаар нь хөгжүүлж, тайлан тооцооллыг гаргаж ирэх тал дээр харилцан санал бодлоо солилцон, байнгын холбоотой ажиллаж байна. Мөн Монголынхоо мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцсон олон жилийн туршлагатай, мэдээллийн технологийн тэргүүлэгч компани учраас тухайн үеийн “М Си Эс Электроникс” одоогийн Ай Ти Зон компанийг найдвартай, хариуцлага даах чадвартай гэж үзээд сонгосон доо.
Compassmate GPS Tracking system нь монгол инженерүүдийн бүтээл болохоор хөгжүүлэлт, шинэчлэлтийг байнга хийх боломжтой гэсэн. Та бүхэн байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг хэр авч байна вэ?
Тиймээ, бид удахгүй автомашинуудад засвар үйлчилгээ хийх хугацаа нь болсон гэдэг мэдээллийг нэмж авдаг байхаар Ай Ти Зон компанийн мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаа. Дотоодын компани програмыг нь хийсэн болохоор давуу тал олон байдаг юм байна. Манай банкны суурилуулсан GPS Tracking system хангалттай ажиллаж байна. Уг нь програмаа бүрэн дүүрэн, зөв ашиглавал маш хэрэгтэй мэдээллүүдийг гаргаж авах боломжтой юм билээ. Анх системээ суурилуулаад бүрэн ашиглаж мэдэхгүй байсан. Жишээ нь мөнгө тээврийн машин нэг салбарын гадаа хэчнээн минут зарцуулж байгааг тооцоолж үзье гээд Ай Ти Зон компанид хандсан. Гэтэл системдээ тийм мэдээлэл өгөх боломж байсан юм билээ. Бид операторууддаа тус програмыг бүрэн сурахад анхаарч ажиллаж байгаа.Ай Ти Зон компанийн үйлчилгээ шуурхай байдаг, гарч байгаа алдаа дутагдлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг. Бидний хүсээд байгаа зүйлийг янзлаад шийдвэрлээд өгдөгт баяртай байдаг.
УЛАМ САЙЖРУУЛСАН ХУВИЛБАРЫГ УДАХГҮЙ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭНЭ
АЙ ТИ ЗОН компани GPS Tracking system-ийг хэзээнээс үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм бэ?
Манай компани 2008 оноос GPS системийг нэвтрүүлж эхэлсэн. Тухайн үедээ гадны компанийн системийг хэрэглэдэг байсан нь ихээхэн учир дутагдалтай, бидний хүссэн зүйлийг хийж өгч чадахгүй байв. Харилцагч нар маань биднээс нэмэлт мэдээлэл, үйлчилгээг хүсдэг. Бид тэр болгоныг нь тусгаж өгөх боломжгүй байдаг байсан. Ингээд програм хангамжийн мэргэжшсэн компанийн хувьд өөрсдийн програмтай болохоор шийдэн, бүтэн жилийн хугацаанд хөгжүүлэлтийг хийн, 2012 оноос шинэ GPS Tracking system болох Compassmate1.0 програмыг гаргаж, түүнээс хойш тасралтгүй хөгжүүлсээр өнөөдрийг хүрээд байна.
Өөрсдөө програмаа бүтээхийн давуу тал нь чухам юу юм бэ?
Монголд GPS суурилуулах үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Бид өрсөлдөгч гэдэг утгаар шинэ компаниудыг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг байнга судалж байдаг. Бүгд л гадны програм ашигладаг. Нэг ёсондоо анх манай хэрэглэж байсан програмыг ашигладаг гэсэн үг. Тэдгээр компаниас ялгардаг хамгийн том давуу тал юу вэ гэхээр манай компани өөрсдийн гэсэн програмтайд л оршино. Харин өөрийн програмтай болсны хамгийн том давуу тал програмаа шинэчлэн сайжруулж, өргөжүүлж болдогт байгаа юм. Өөрөөр хэлбэл програм дээрээ байнгын хөгжүүлэлт хийж байдаг. Ингэснээр хэрэглэгчийн хүсэлтийг програм дээрээ нэмж тусгаж өгөх боломжтой болж байгаа юм. Бусдаар бол гадны яг адилхан зарчимтай GPS системүүд зөндөө л байдаг. Жишээ нь гадны нэг програм цэс нь монгол хэл дээр байдаг юм билээ. Зүгээр л хөрвүүлээд тавьчихсан. Түүнээс биш өөрсдөө хөгжүүлэлт хийх боломжгүй, хэрэглэгч өөр шинэ зүйл хүслээ гэхэд түүнийг суурилуулагч компани нь шийдэж чадахгүй заавал гадны компани руу хандах шаардлагатай болдог. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд нэлээд ачааллыг хэрэглэгч дээр авчирдаг сөрөг талтай байдаг юм.
Бизнесийн үүднээс харвал манай өмнө хэрэглэж байсан гадны програм дээр бид төхөөрөмж суурилуулсан машин болгоны тоогоор сар болгон мөнгө төлнө. Нэг байгууллагын 10 машинд GPS төхөөрөмж суулгалаа гэхэд 10 машины тоогоор мөнгө нь гадагшаа явдаг. Нэг ёсондоо програм түрээсийн хөлсөнд ихэнх мөнгө нь гадагшаа гардаг гэсэн үг. Одоо өөрсдийн програмтай болсноор төлбөрийн хөлс хэд дахин багасч, дотооддоо мөнгөний урсгал маань үлддэг болсон.
Түүнээс гадна гаднаас хамааралтай байх үед ганцхан тэр компанийн төхөөрөмжийг л худалдаж авдаг байсан. Одоо бол өөрсдөө програмтай болоод ирэхээр ямар ч төхөөрөмж ашиглаж болохоор болсон. Гадны компанийн GPS төхөөрөмжийг ашиглаж байсан компаниуд тухайн төхөөрөмжөө ашиглая гэтэл програм нь болохгүй байна, танай програмыг ашигламаар байна гэдэг. Харин бид ямар ч төрлийн GPS төхөөрөмжийг судлаад өөрсдийнхөө програмыг суулгах боломжийг олгодог нь бас томоохон давуу тал болох юм.Энэ төрлийн системийн хувьд төхөөрөмж дээр ч, програм дээр ч алдаа гарч болдог. Тэр болгоныг тухай бүрт нь шуурхай засварлан, шаардлагатай хөгжүүлэлтүүдийг хийгээд явдаг юм.
Compassmate GPS Tracking system-н талаар танилцуулаач. Ямар үр ашигтай, ямар мэдээлэл авах боломжтой вэ?
Бусад GPS төхөөрөмжүүдээс ялгарах нэг онцлог нь Compass mate буюу хяналтын дэлгэц юм. GPS Tracking system-ээс авто машины явсан замын түүх харах, объект болон зам тэмдэглэх гээд олон мэдээллийг авч болно. Замын хуудас, явсан замын тайлан, дүрмийн тайлан, түлш зарцуулалтын график тайлан, тээврийн хэрэгслийн тайлан гэсэн 5 төрлийн тайлан гардаг. Өдөр тутам, эсвэл сар тутам нийт явсан км-ийг гарган, нийт хэчнээн км явсан байна, одоо засвар үйлчилгээ хийх цаг нь болж гэсэн мэдээллийг ч гаргаж өгч болдог.
Мөн янз бүрийн хяналтын мэдээллүүдийг авах боломжтой. Жишээ нь ложистикийн компаниуд, шатахуун ханган нийлүүлэгч компаниудад нэг том бэрхшээл байдаг юм билээ. Тухайлбал түлш хулгайлдаг олон арга байдаг гэж хүртэл сонсож байсан. Харин GPS системийг суурилуулснаар үүнд хяналт тавьж чаддаг болно. Хяналт тависнаар эргээд зардлыг бууруулах юм. Түүнчлэн байгууллагын машин хувийн хэрэгцээнд явсан эсэхийг шалгаж болно. Жолооч нарт замын хуудас гэж байдаг. Явсан замын тайлан гараад ирэхээр замын хуудаснаас илүү гарсан байвал хаагуур явсан гэдгийг нь тогтоочихдог.
Уул уурхайн компаниудад түгээмэл ашигладаг нэг зүйл бол мэдээлэл өгөх. Уурхайн машинууд нэг л замаар явах ёстой байдаг. Тэр замаас гарч, өөр зүйлд явж болдоггүй. Хэрэв замаас гарсан байвал удирдлагын төвд дохио өгөх, и-мэйл ирэх гэх мэт шийдлүүд байдаг. Жишээ нь нүүрс тээвэрлэдэг машинууд нэг л замаар явж, нэг хөдөлсөн бол зогсож ч болохгүй шууд хил дээр очих ёстой. Энэ мэтчилэн бүхий л төрлийн зааварчилгаа бүхий машинуудад GPS системийг түгээмэл ашиглаж байна даа.
Энэхүү програмд дараагийн хувилбар гэж байх уу?GPS Tracking system 1.0 бол манай анхны хувилбар. Бид энэ зунаас 2.0 буюу илүү сайжруулсан дэвшилтэт хувилбараа гаргахаар төлөвлөн ажил хэрэгтээ ороод явж байна. Эхний хувилбар дээр алдаа, дутагдалтай зүйл цөөнгүй бий. Тэр бүхнээ засч сайжруулаад 2.0 хувилбартаа тусгах болно. Энэхүү шинэ хувилбар дээрээ бид хэд хэдэн шинэчлэл хийж байна. Тэдгээрийн нэг шинэлэг үйлчилгээ нь гар утасны хувилбар нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утас, таблетнаас GPS-ийг ашиглаж болно гэсэн үг. Шаардлагатай үед танай машин хаана явж байгааг түргэн шуурхай мэдэх боломжтой болно.Мөн бид Google компанийн газрын зурагнаас хараат бус болно. Газрын зурагны хоёр, гурав дахь эх үүсвэртэй болно гэсэн үг. Газрын зураг нь GPS системийн хамгийн чухал зүйл байдаг. Мөн энэхүү хувилбар дээр тээврийн хэрэгслийн ашиглалт техникийн үйлчилгээ, засвар үйлчилгээний хэсэг болон ажил, даалгавар зэрэг олон боломжуудыг багтаасан байна.
Ярилцлага өгсөн та бүхэнд баярлалаа.