Олон улс орны өндөр дээд албан тушаалтнууд оролцсон “Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх” 4 дэх удаагийн чуулганаар Орос, Хятад улс хоёр улсын хооронд байгалийн хий дамжуулах үнийг эцэслэн тохиролцоно гэсэн хүлээлт байсан. Тохиролцоо Оросын Газпром, Хятадын CNPC компанийн хооронд болох юм. Тэгвэл хоёр тал энэ удаад ч баталж чадсангүй. Уг чуулганаар хоёр тал хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ зурсан ч, энэ дунд байгалийн хий нийлүүлэх үнэ багтаагүй ажээ. Хоёр улсын хооронд байгалийн хий нийлүүлэх энэхүү хэлэлцээрийг талууд 10 гаруй жил ярилцаж хэлэлцсээр байгаа юм.
Орос улс Украины хямралаас үүдсэн АНУ, Европын тус улсад тавьсан хоригийг “эерүүлэх” гол төлөвлөгөөгөө Хятадтай хийх энэхүү 400 тэрбум долларын өртөг бүхий 30 жилийн хугацаатай хий нийлүүлэх гэрээ гэж харж байж болох юм. Уг нь хэлэлцээр нэг үеэ бодвол маш урагштай яваа ч, үнээ эцэслэн тохиролцох нь маш чухал байгаа юм. Оросын Эрчим хүчний яамны төлөвлөж буйгаар Хятад руу 2019-2020 онд байгалийн хий дамжуулах хоолойгоор бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх бөгөөд жилдээ 38 тэрбум шоо метр хий шахах боломжтой байх ажээ. Өнгөрсөн жилийн байдлаар Оросын Газпромын хийн нийлүүлэлтийн үнэ Европт дунджаар мянган шоо метр нь 380 ам.доллар байсан. Зарим судалгааны байгууллага, тухайлбал CLSA-ийн тооцоогоор Хятад руу нийлүүлэх хийн үнэ мянган шоо метр тутамд 330-350 доллар байх магадлалтай ажээ.
“Одоогийн байдлаар Хятад улс байгалийн хийн нийлүүлэлтийн хувьд Төв Азиас хэрэглээгээ бүрэн хангахуйц болж чадсан. Тиймээс Орос улс үнэ дээрээ буулт хийхгүй бол Хятад гэрээнд гарын үсэг зурахаар яараад байх явдалгүй” гэж Токио дахь Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Шоичи Ито хэлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хийн үнийг тохиролцоно
гэсэн “их хүсэл” тээн Шанхайд морилсон ч ийнхүү үнэ тохиролцох ажил дахин
хойшиллоо.
Б.Төгс