ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д
хийж буй албан ёсны айлчлалаар Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх
гэрээг үзэглэлээ. “Газпром”, CNPC компанийн 10 жилийн хэлэлцээрийн дүнд
ийнхүү гэрээ байгуулагдаж байна. Нийт 400 тэрбум ам.долларын гэрээнд
хоёр тал гарын үсэг зурсны дараа “Газпром”-ын хувьцааны үнэ 2%-иар өсч,
рублийн ханш чангарав.
“Газпром” компанийн тэргүүн А.Миллер
“түүхэн” хэмээн онцолж буй тус гэрээгээр Оросын тал 2018 оноос эхлэн
“Дорнод” маршрутаар барихаар төлөвлөж буй 3200 км “Сибирийн хүч”
хоолойгоор байгалийн хийг БНХАУ-ад 30 жилийн хугацаанд нийлүүлэх юм.
Ингэхдээ жилд 38 тэрбум шоо метр хийг 60 тэрбум шоо метр болгон
нэмэгдүүлэх учиртай. Өнөөг хүртэл хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ
дээр тохиролцож чадахгүй байсан юм.
Харин үзэглээд буй тус
гэрээнд бүтээгдэхүүний үнийг 1000 шоо метр хийг 350 ам.доллар гэж
тусгасан тухай ойрын эх сурвалжууд мэдээлсэн хэмээн “Итар-Тасс” агентлаг
мэдээлжээ. Гэхдээ хоёр тал одоогоор албан ёсоор үнийг мэдээлээгүй
байна.
Э.Од