Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Оюутолгойд хийсэн ”аюулгүй” аялал

Олон улсын Ханбумбат нисэх онгоцны буудлаас Оюутолгой уурхай руу явах зуур “Аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн үүрэг хариуцлага мөн” гэсэн тод томруун бичиг нүднээ тусав. Оюутолгой компанийн нэн тэргүүнд аюулгүй ажиллагааны эрхэм зорилгыг Үйлдвэрлэл хариуцсан захирал асан Жак Сатогийн санаачлагаар Баяжуулах үйлдвэрийн гадна ханан дээр тунхагласан нь энэ. Дэлхийн уул уурхайн салбарт 130 гаруй жилийн түүх, туршлагатай Рио Тинто компани Монгол улсын “Оюутолгой” төсөлд дэлхийн жишигтэй аюулгүй ажиллагааг хэрхэн нэвтрүүлж буйг сурвалжлахаар Mongolian Mining Journal-ийн баг Өмнийн говьд ажиллав.  

“Дэлхийн” тодотголтой “Оюутолгой” төслийн үнэт хөрөнгө, хөдөлгөх хүч бол ажилчид. Тиймдээ ч ажилчдын эрүүл ажиллах орчныг хангахад юу юунаас илүүтэй анхаарч, алхам бүрт аюулаас сэргийлэх дүрэм журмыг чанд мөрдлөг болгожээ. Энд ирсэн зочид ч тэрхүү дүрэм журамд суралцан өөрийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй бусдыг осол гэмтлээс сэргийлэх, хамгаалах үүрэгтэй. Оюутолгой хэмээх “вант улс” руу нэвтрэх тусгай үнэмлэх авсан зочид бид хамгаалалтын тунгалаг шил, цацруулагчтай хантааз, ширэн гутлаар хангагдаж, аюулгүй байдлын анхан шатны мэдлэг олгох 30 минутын сургалтад суухаас “Safety” аялал маань эхлэв. Онцгой байдлын үед “Muster point” гэсэн тэмдэглэгээтэй газар цуглах, хяналтын өрөөний 9904-3333 SOS дугаарыг мэддэг байх ёстой. Дугаарыг мартсан, мэдэхгүй тохиолдолд ID үнэмлэх дээр бичсэн байдаг зэрэг юуны түрүүнд мэдэх шаардлагатай зааварчилгааг энд өгнө. Мөн сайт дотор амь насанд шууд аюултай тоног төхөөрөмж, өндөр орчин, нүх ухсан газар, гарц, галын аюул, эмнэлэг гээд бүх л зүйлийг заасан тэмдэг тэмдэглэгээг хэрхэн таньж ялгахад суралцана. Сургалтаар олж авсан мэдлэгээр “бяцхан” шалгалт авч, тэнцээгүй тохиолдолд дахин давтан суулгадаг нь энэхүү сургалтыг ёс төдий зүйл биш болохыг илтгэнэ.

Оюутолгой сайтад хүдэр олборлох, баяжуулах хүнд даацын техник машины дуу үл тасарна. Уурхайн сайт дотор авто машин 5-7 км/ц хурдтай, өдрийн цагаар ч гэрлээ асааж явах ёстой аж. Аюулгүй ажиллагааны аяллын багийн танилцах эхний цэг Ил уурхай байлаа. Эртний Грекийн амфитеатр мэт харагдах энэ уурхайд 3 ээлжээр инженер, техникийн ажилчид нийлээд 150 гаруй мэргэжилтэн ажиллана. Хүнд   нөхцөлд ажиллах уурхайчид болон үйлдвэрийн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг журам  нь мөн л хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж буй нэг хэрэг.

Уурхайн үйлдвэрлэлээрээ дэлхийд энтэй Оюутолгойд “Комацу”, “Катерпиллар”-ын 70 гаруй машин механизм ашиглагддаг байна. Монголд ердөө 2 байдаг гинжит дугуйтай, аварга том ачигч машины нэг ч энд бий. Эдгээр техник, нарийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын ажил Ил уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээний төвд хийгдэнэ. Тус төвд мөрдөгдөх аюулгүйн дүрмүүдийг тодорхой өнгөөр ялгаж Засварын цехийн талбайг будсан байх тул тэрхүү зай талбайд ямар зориулалттай ажил хийгддэг нь хэн бүхэнд тодорхой байдаг. Шар өнгийн талбайгаар зөвхөн явган хүн, цэнхэр хэсэг нь засвар хийгдэх машин техникт зориулсан байх жишээтэй.
 
Энд бүх ажилчид хувийн цоож, нэр, утасны дугаар  бүхий пайзтай. Ажлаа хийх үедээ тэрхүү хувийн цоож, пайзаа засварлаж байгаа машин механизмдаа өлгөж ажлаа гүйцэтгэх бөгөөд үүгээр тухайн машинд ямар үйлчилгээг хэдэн засварчин хийж байгааг мэдэх боломжтой аж. Мөн тухайн гүйцэтгэж байгаа ажилд цоож, пайзаа өлгөөгүй хөндлөнгийн хүмүүс ойртох ёсгүй. Энэ нь ажил гүйцэтгэж байх үед санамсаргүй байдлаар эрсдэл үүсэхээс хамгаалдаг.

Ил уурхайн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Г.Баярмаа:
“Ил уурхайн хүнд машин, механизмын засвар үйлчилгээний төвд “Оюутолгой” төсөл дээр ажиллаж байгаа бүхий л техникт засвар хийдэг. Энэ төв нь аюулгүй ажиллагааны тусгай дүрэм журамтай. Засварын ажил явагдах цех дотор өнгөөр ялгаж будсан дүрэм бүхий зай талбайг ашигладаг. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, тодорхой дагалдах хүнтэйгээр зочид төлөөлөгчид цехэд нэвтрэх эрхтэй байдаг. Шинэ ажилчны хувьд аюулгүй ажиллагааны 5 хоногийн сургалтад суудаг. Засварын цехэд техниктэй харьцаж ажиллахад мөрдөгдөх аюулгүй ажиллагааны дүрэм журмын хувьд эхлээд засварт орох техник угаагдсан байх шаардлагатай. Угаагдсан техник тодорхой заагдсан тайлбад орж ирэхэд дугуйнд ивүүр тавина. Ингээд тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах баг өөрсдийн тусгаарлалтын цоож, пайзыг зүүж ажлаа эхэлнэ. Үүний дараа тоног төхөөрөмжийг тусгаарлах хаалт буюу тусгай өнгө бүхий тууз татсан байх ёстой.”

Сайт дотор “Оюутолгойд хүн бүр аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй”, “Хэн нэгэн өөрт болон өрөөлд аюул учруулах эрсдэлтэй ажил хийж байвал түүнийг зогсоох эрх нь хүн бүхэнд нээлттэй” гэсэн утга бүхий самбаруудыг “автоматаар цээжилтэл” нүдэнд шууд харагдахуйц газарт олноор байрлуулжээ. Алхам тутамд сануулах аюулгүй байдлын мөрдлөг нь байгууллагын дүрэм журам бус гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага хэмээн оюутолгойчууд ойлгож, өдөр тутмын ажилдаа хэвшил болгохыг зорьдог. Хөдөлмөрийн аюулгүй орчин, осол гэмтэлгүй нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлэх зорилгоор Оюутолгой компани төслийн талбайд “Эрсдэл үзүүлэх сургалтын төв”-ийг 2013 онд байгуулсан байна. Нэрийн хувьд бага зэрэг “модон” орчуулагдсан гэмээр ч учирч болзошгүй бүхий л аюул эрсдэлийг тооцоолон нүдэнд харагдахуйц, гарт баригдахуйц байдлаар үзүүлэхийг энд зорьжээ. Зөвхөн уурхай, үйлдвэрийн бүсэд бус оффист учирч болзошгүй гэмтэл эрсдэлийг ч энд тооцоолсон байх аж. Амь насаа хамгаалахад зайлшгүй мөрдөх ёстой аюулгүйн ажиллагааны 6 дүрмийн зорилго, учрыг бодит мэт, биед мэдрэгдэх үзүүлэн, самбар болон 3D видео дүрсээр тайлбарлан харуулсан байв.

Үйлдвэрлэлийн талбайд хувийн хамгаалах хэрэгсэл /ХХХ/-ийг ашиглах нь аюулгүй ажиллагааны анхан шатны дүрэм байдаг. Оюутолгойн ажилчдын хэрэглэж буй хувийн хамгаалах хэрэгслийн нэг малгай буюу каск ямар өндөр стандартыг хангадаг, Хятадын үйлдвэрийн бараанаас чанарын ямар ялгаатайг харуулжээ.

Оффис, тасалгаа болон гадна орчинд хүчилтөрөгчийн агуулгын ердийн хэмжээ 20.9% байдаг. Үүнээс доош хэмжээг аюултай буюу хүчилтөрөгчийн дутагдалд орно гэж үздэг. Харин хязгаарлагдмал орчинд хүчилтөрөгчийн хэмжээ ихдэхэд тэсрэлт үүсэх аюулыг бий болгох аж. Хязгаарлагдмал орчинд метан, хүхэр, угаарын хийн агуулгын хэмжээ 0% байх ёстой. Ямар нэгэн тоо бүхий хэмжээ зааж байвал аюултай орчин гэж үзэх юм. Агаарын найрлагыг шалгах тоног төхөөрөмж ашиглаж хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааг хангах ёстой.

Үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмж цахилгаан, эрчим хүчтэй холбогддог учир энэ тал дээр Оюутолгойн аюул­гүйн ажиллагаа маш нарийн дүрэм журамтай. Хүчирхэг тоног төхөөрөмж өөртөө энерги хуримтлуулдаг тул асаах үед инер­циэрээ гэмтэл учруулж болзошгүй байдаг байна. Тиймээс тог дамжуулах, цахилгаан эрчим хүчтэй харьцдаг аливаа тоног төхөөрөмж дээр ажиллах, түүнийг ашиглах үед “цоожлох, пайзлах” гэсэн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөг. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийг ашиглаж дууссах үед эрчим хүчний эх үүсвэрээс салгасан залгуурыг цахилгааны мэргэжилтэн улбар шар өнгийн пайзын хамт цоожлоод, дараагийн ажил эхлэх үед пайз, цоожийг тайлж тоног төхөөрөмж аюул, гэмтэлтэй эсэхийг шалгаж дараагийн ажилтанд хүлээлгэж өгдөг гэж ойлгож болох юм.

Сайт дотор мөрдөгдөх аюулгүй ажиллагааны дүрэм журамд тамхи татах цэг, согтууруулах ундааг хэрэглэх хэм хэмжээний талаар ч “мартаагүй”. Ажлын бус цагаар ажилчин өдөрт 0.33 гр 2 ширхэг шар айраг зөвхөн тусгай зориулалтын газар уух эрхтэй. Согтуурлын хэмжээг сайн дураар тодорхойлох цэгүүд ч бий. Гагцхүү ажил дээр “уусан” ажилтныг ажлаас халах хүртэл хатуу шийтгэл оноодог. Үүнээс гадна  аюулгүй ажиллагааны УХААН-ыг мөрдөөгүйгээс ажлын явцад ямар осол гэмтэл учирч болохыг 3D видео дүрсээр үзүүлжээ. Оюутолгойн бүх ажилчид аливаа ажлыг УХААН-аар эхлүүлдэг дүрэмтэй. 

Урьдаар нарийн тооц
Хор хөнөөл,аюул бүрийг тодорхойл
Аюул дагуулсан эрсдэлийг таньж мэд
Аюул хөнөөлийг хяна
Нэн тэргүүнд аюулгүй байдлаа ханга   

гэсэн 5 өгүүлбэрээс бүрдэх УХААН мөрдлөг нь аливаа ажлыг эхлүүлэхээс өмнө учирч болзошгүй аюулыг тодорхойлж, аваар ослыг хэрхэн хяналтдаа авах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар эргэцүүлэн бодох цаг завыг ажилтанд олгох зорилготой. Тухайн ажилчин хийх гэж буй ажлаа хэр мэддэг, харьцах тоног төхөөрөмж эвдрэл гэмтэлтэй эсэх, ажиллах орчны аюултай байдал зэргийг нягтлан тэмдэглэл хийхэд зориулагдсан тусгай хуудас юм. Дээрх аюулгүй ажиллагааны дүрмүүдийг хэрэв сайн мэддэг бол компьютерийн  10 асуулт бүхий тестийг төвөггүйхэн бөглөнө.

Аваар осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхээс гадна ажилчдын эрүүл мэндэд анхаарах нь аюулгүй ажиллагааны салшгүй нэг хэсэг гэж Оюутолгой компани үздэг. Тиймээс 2013 оны 5 дугаар сараас ажилчдын дунд эрүүл мэндийн судалгаа явуулсны үр дүнд сайт дээр байгаа нийт 2900 ажилчны 1100 гаруй нь эрүүл мэндийн паспорт нээлгэн спортоор идэвхтэй хичээллэж, зөв хооллолтод анхаарах болжээ. Энэ хүрээнд бялдаржуулах, биеийн тамираар хичээллэх бүрэн тоноглогдсон спорт сургалтын төвийг байгуулсан байна.  

Оюутолгойд мөрдөгдөх энэ бүх дүрэм магад энгийн зүйл мэт боловч хайхрамжгүй, хэнэггүй, зарим тохиолдолд багахан зүйлд залхуурдаг талтай монголчууд бидний өдөр тутмын ажил, амьдралдаа хэвшүүлж сурах томоохон соёл юм. Рио Тинто компани “Оюутолгой” төсөлд олон улсын стандартын аюулгүй ажиллагаа, арга замуудыг нэвтрүүлснээр Монголын уул уурхайн хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Э.Оджаргал