Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) нь дэлхийн улс орны Засгийн газрууд, компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран байгалийн баялгаас орж ирж буй орлогын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн санаачлага юм. Уг санаачлагын хүрээнд нэг талаас компаниуд санхүүгийн жилд улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, хандив, дэмжлэгийн дүнгээ тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан оpлогоо мэдүүлснийг хөндлөнгийн аудитаар тулган баталгаажуулж нэгтгэдэг.
Аудитаар тулган баталгаажуулах ажил нь энгийн мэт боловч байгалийн баялгийн зөв зохистой менежмент, сайн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал санаачлага юм. ОҮИТБС нь иргэний нийгмийн байгууллагуудыг олборлох салбараас орж ирж буй орлогын талаар тодорхой ойлголт өгөхөөс гадна ард иргэд байгалийн баялгаас олсон орлогоо төр засаг болон компаниуд хэрхэн зохицуулдаг талаар бодитой мэдээлэл авч, байгалийн баялгийн зохистой хуваарилалтад оролцон нөлөөлөхөд чиглэн хэрэгжиж байна.
Одоогийн байдлаар 44 улс уг санаачлагад нэгдээд байгаа юм. Монгол Улс 2010 онд “шаардлага бүрэн хангасан” орон хэмээх статус авах хүртлээ ОҮИТБС-ийн хүрээнд 2007 оноос хойш хэд хэдэн тайлан гаргажээ. Хамгийн сүүлийн 2012 оны тайлангийн жилийг хамарсан 7 дахь тайлан 2013 оны 12 дугаар сард олон нийтийн хүртээл болсон байна. Уг тайланд ашигт малтмалын лиценз эзэмшигчдийн 80 гаруй хувь нь орлого зарлагын мэдээллээ нийтэлжээ. Нэгтгэлийн хүрээнд Засгийн газар болон тайланд хамрагдсан 200 томоохон олборлогч компаниудын тайлангийн зөрүү нийтдээ 361 сая төгрөг байсан нь Засгийн газрын зүгээс тайлагнасан үндсэн төлбөрийн дүнгийн 0,02%-тай тэнцэж байна. ОҮИТБС-ын 2013 онд шинэчлэгдэн батлагдсан хатуу стандартын дагуу Монгол Улсын дараа дараагийн тайлангууд нь илүү шударга, ил тод, хариуцлагын стандартыг ч дэмжих боломжтой юм.
ОҮИТБС-ийн хүрээнд дэлхий нийтээрээ тайлан гаргах үйл ажиллагааг Засгийн газар, компани, иргэний нийгмийн хоорон дахь ил тод, хариуцлагатай байдлын төлөөх алхам гэж үзэж буй ч, энэ тайлагнах үйл явцын бодит өгөөж нь Монголын оролцогч талуудын хувьд юу байх вэ?
Тайлангийн хүрээнд цуглуулсан баримтуудыг эрдсийн удирдлагын ил тод байдал, хүний хөгжилд зориулах хөрөнгө оруулалтад хэрхэн эерэгээр ашиглаж болох вэ?
Энэхүү тайлангийн мэдээллийг түгээснээр эрдсийн зөв зохистой удирдлагын тухай хэлэлцүүлэгт иргэний нийгмийн өргөн хүрээтэй оролцох боломж хэрхэн сайжрах вэ?
Монгол Улсын анхны тайлан 2007 онд гарснаас хойш тайлагнах үйл явцыг сайжруулах талаар 70 гаруй зөвлөмж гарчээ. Эдгээр зөвлөмж Монгол улс дахь олборлогч уул уурхайн компаниудад төдийгүй сум, аймаг, орон нутгийн засаг захиргааны удирдлагуудад чиглэсэн юм. Гэсэн хэдий ч олборлох салбарын ил тод байдлыг хангахад чиглэсэн эдгээр зөвлөмж бүрэн төгс хэрэгжиж чадахгүй л байна.
Канадын Бритиш Колумбын их сургуулийн магистрын зэргийн өөр өөр салбарт суралцаж буй оюутнууд хамтран ОҮИТБС-ын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын олборлох салбарыг сайжруулах талаар 2014 оны 1 дүгээр сараас ажиллажээ. “Монгол улсын ОҮИТБС-ын төсөл”-д Бритиш Колумбын Их Сургуулийн доктор, профессор Julian Dierkes (Ази судлалын институт) болон Dirk Van Zyl (Уул уурхайн сургууль) нарын удирдлага дoр Азийн улсын бодлого судлал, уул уурхайн инженер, бүс нутгийн төлөвлөлт, байгалийн нөөц ашиглалт болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнууд ажилласан байна. Эдгээр оюутан төслийн хүрээнд хийсэн ажлаа 5 дугаар сарын 19-31-ний хооронд Монгол улсын аж ахуй нэгж, иргэний нийгмийн төлөөллүүдэд тайлагнах юм. Тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх блог-оос авах боломжтой. (http://blogs.ubc.ca/maapps/).