Дэлхийн зэсийн баяжмал, нүүрс, цагаан тугалгын зах зээлд томоохон нийлүүлэгчээр оролцдог Индонез улс ирэх жил экспортоо эрчимтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жил тус улсын хувьд экспорт нь 3.9%-иар буурч 182.6 тэрбум ам.доллар, импорт 2.6%-иар буурч, 186.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ экспортын бууралт, инфляци, эдийн засгийн өсөлтийн удаашрал болон АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийн бодлого хумигдсан зэргээс үүдэн үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларч эхэлжээ. Рупийн доллартай харьцах ханш өнгөрсөн онд 21%-иар буурсан юм.
2013 оны дунд үе гэхэд нэг рупийн ам.доллартай харьцах ханш 9500 байсан бол мөн оны сүүлээр 12200 гаруй болж суларсан байна. Энэ жилийн хувьд Индонезийн Төв банк рупийн доллартай харьцах ханшийг 11600-11800-д барихаар зорьж байна.
Яг одоогийн байдлаар 11600 рупи нэг ам.доллартай тэнцэж буй юм. Ер нь рупийн ханшийн уналт өнгөрсөн 2011 оны дунд үеэс эхэлжээ. Гэхдээ тус улсын Худалдааны дэд сайд Баюу Криснамурти ирэх онд тус улсын экспорт өснө гэдгийг итгэлтэйгээр мэдэгджээ. Учир нь Зүүн өмнөд Ази буюу АСЕАН-ы улсуудын Эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдахтай холбоотойгоор холбооны гишүүн орнууд руу бүтээгдэхүүн нийлүүлж, экспортлох шинэ боломж Индонезийн бизнес эрхлэгчдэд нээгдэх ажээ. Ялангуяа тус улсын эрчим хүчний нүүрс олборлогч компаниудад ахиу хэмжээгээр бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц бий болох юм.
Худалдааны дэд сайд нэмж хэлэхдээ “Манай оронд бизнес эрхлэгчид шинэ боломжийг ашиглахад бэлтгэх нь нэн чухал байна. Харилцагч шинэ улс орныхоо талаар илүү их мэдлэгтэй болох шаардлагатай” гэжээ. Индонезийн хувьд зөвхөн зэс, нүүрс, цагаан тугалга төдийгүй дал модны тос, каучук, какаоны экспортоороо дэлхийд дээгүүрт тооцогддог.
Өнгөрсөн жилийн хувьд тус улсын худалдааны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4%-д хүрсэн бол энэ жил 3%-иас доогуур хэмжээнд барихаар Төв банк зорьж буй ажээ. Тус улсын гадаад худалдаа өнгөрсөн 3 дугаар сард 673 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил байгалийн хий болон (газрын тосны бус эх үүсвэр бүхий) бусад түлшний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тус улсын нийт экспорт 4.1%-иар өсч, 190 тэрбум долларт хүрэх тооцоог тус улсын Худалдааны яам гаргаад буй.
Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн
засагтай улс Индонез хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа маш чадамгай эрэлхийлж
байна. Хэдийгээр тус улсын Засгийн газар эрдсийг түүхийгээр нь гаргахыг
хориглож эхэлсэн нь экспорт, рупийн ханшийн өсөлтөд нэрмээс болсон ч нөхцөл
байдлыг Индонезийн төр эерүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.
Б.Төгс