Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хятадын коксжих нүүрсний импортод Монголын эзлэх хувь дахин буурчээ

Хоёр жил завсарласан “Нүүрсний салбарын удирдах ажилтны ээлжит V зөвлөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулсан юм.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Нүүрсний салбарт авч буй арга хэмжээ, зах зээлийн өнөөгийн байдал” сэдвээр зөвлөгөөний “салхийг хагалав”.

 “Монгол улсын нийт нүүрсний геологийн нөөц 175,5 тэрбум тонн, үүнээс баталгаажсан нь 26,8 тэрбум тонн. Ашиглалтын  тусгай зөвшөөрлийн бүтэц болон ашигт малтмалын төрлөөр ангилбал 2013 оны эцсийн  байдлаар нүүрсний лиценз 17,3%-тай  байгаа нь  алтны лиценз /35,5%/-ийн дараа орж байгаа”-г тэрээр дурдлаа.

Засгийн газар энэ жил 31,4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч оны эхний дөрвөн сарын байдлаар 5,363,200 тонныг л борлуулжээ. Энэ тооцоогоор бол оны төгсгөл гэхэд  ердөө 15 сая гаруй тонн нүүрс экспортлох дүр зураг харагдаж байгаа юм. Нөгөө талдаа  энэ жил нүүрснээс 589,5 тэрбум төгрөг олно гэж тооцсон ч бодит байдал дээр  одоогоор 39,7 тэрбум төгрөг л олоод буй ажээ.

Нүүрсний экспортыг дэмжих хүрээнд Хилийн боомтын тухай хууль баталсан, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “Нэг цонхны үйлчилгээ” бий болгосон гэх зэргээр сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Р.Жигжид дарга онцолсон.

Салбарын яам Хятадаас гадна Япон, БНСУ, Зүүн Өмнөд Азийн бусад улс оронд нүүрс нийлүүлэх боломжийг судалж эхэлжээ. Монгол улс дотоодын нийт цахилгаан эрчим хүчнийхээ 80%-ийг нүүрснээс гарган авч байгаа бол дулаан хангамжийн бараг 100%-ийг мөн л нүүрсээр хангаж байна гэж  тэрээр илтгэлдээ дурдлаа.

Тиймдээ ч ирэх жилүүдэд өргөтгөл хийгдэж, шинээр баригдах цахилгаан станцуудыг нэрлэлээ. 2014 онд Амгалангийн дулааны станц, дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орох бол 2016 оноос баруун бүсийн 60МВт-ын, Баянтээгийн 40 МВт-ын, Тэлмэний 100 МВт-ын дулааны цахилгаан станц ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах 450МВт-ын хүчин чадал бүхий Тавдугаар цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулна гэж тооцжээ. 2017 онд Тавантолгойн цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 2020 онд Шивээ-Овоогийн 300 МВт-ын цахилгаан станц, 2024 онд  Чандганы 600 МВт-ын цахилгаан станц тус тус  ашиглалтад орно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга онцолж байв.

Энэ тооцоогоор 2024 он гэхэд Монгол улсад нийт 3250 МВт-ын эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болох аж.

Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга Р.Раднаасүрэн “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Нүүрс хөтөлбөрийн төслийн танилцуулга”-ыг хийсэн. Тэрээр нүүрсний салбарын мастер төлөвлөгөөг Японы “Жайка” байгууллагатай хамтран боловсруулсан, одоо монгол хэл рүү хөрвүүлэх ажил хийгдэж байна, УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын хуульд ашиглалтын өмнөх хугацааг үгүй болгож, хайгуулын хугацааг 3 жилээр нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг заалтууд оруулсан хэмээн тодотголоо.

Экспортод гаргаж буй нүүрсний Гэрээний үнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ыг Засгийн газрын 2014 оны 88 дугаар тогтоолоор тооцож авахаар болсон. Уг журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Гэтэл  зөвлөлгөөнд оролцсон компанийн төлөөллүүд Засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ мэт татвар хураамжийн хөнгөлөлтөд  сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Учир нь, Засгийн газрын 88 дугаар тогтоолоор жишиг үнээр тооцож авахгүй гэсэн мөртлөө 89 дүгээр тогтоол гаргаж,  жишиг үнийг 2015 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ гэж заажээ. Хэдхэн сарын хугацаанд үйлчлэх ийм хөнгөлөлт хэрэггүй хэмээн зөвлөгөөнд оролцогчид шүүмжилсэн.

Нүүрсний салбарт үнэ унасан энэ хүнд цаг үед Гаалийн бүрдүүлэлтийн хураамжаа зогсоогооч гэсэн саналыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба илэрхийллээ.

Нүүрсний экспортоо нэмэгдүүлж, ахиухан хэмжээний орлого олохын тулд төмөр замын асуудлаа нэг мөр болгох хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Засаг дорвитой арга хэмжээ авахгүй цаг алдаж байна гэсэн шүүмжлэл зөвлөлгөөний үеэр өрнөлөө. МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба “Төмөр замыг нарийн царигаар барьж байж ашигтай ажиллана. Засаг тогтоолын төсөл өргөн барина гээд таг болчихлоо. Хурдан шийдмээр байна. Нэг улстөрчийн хүсэл зорилгоос болж энэ салбар дөрөв таван жил гацлаа. Монгол улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй тээврийг нүүрс дээрээ хэрэгжүүлж байна. Гэтэл хоёр их гүрэн хийн хоолой байгуулах асар том гэрээ байгуулчихлаа. Тэр их хэмжээний газ Хятад руу гаргана гэдэг чинь төдий хэмжээний эрчим хүчний эх үүсвэртэй болчихож байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр дэлхий нийтээр нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг арга, технологиос татгалзаж байна. Гэтэл бид өргөн, нарийн царигийн төмөр зам гэж маргасаар хэдэн жилийг барлаа” хэмээн  шүүмжилсэн.

Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх нүүрсний салбарын өнөөгийн байдлын танилцуулагадаа Нүүрс шингэрүүлэх төслүүдийн талаар хөндсөн юм. “MCS” компанийн Солонгосын “Поско” компанитай хамтран байгуулсан “Багануур энержи” компанийн нүүрс шингэрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар баталж, Уул уурхайн яамнаас үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгчээ. МАК компани нүүрсийг шингэрүүлж, жилдээ 0,4-1,0 сая тонн моторын шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-гээ мөн батлуулсан байна. Одоогоор Монголын аж үйлдвэрийн корпораци нүүрс шингэрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцүүлж, “Цэцэнс Майнинг энд Энержи” компани төслийн ТЭЗҮ-гээ боловсруулах шатандаа явж байгаа аж.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв 2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх хэд хэдэн томоохон ажлын талаар танилцууллаа. Орлогын татвар, НӨАТ, хөрөнгийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэх мэт татварын хэмжээг нэмэхгүй байх зарчим баримтална гэсэн үгийг тэрээр унагалаа. Эрчим хүчний салбарт 2014 онд улсын төсвөөр 147,4 тэрбум төгрөг, “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар, Хөгжлийн банкаар 180 сая ам.доллар, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажил  гүйцэтгэх аж. Зөвлөлгөөнд оролцсон зарим төлөөлөгчийн яриагаар бол “мянгуужингийн үлгэр” гэхээр бүтээн байгуулалт цаасан дээр бууж.  

Зөвлөлгөөний үдээс хойшхи хуралдаанаар нүүрсний компаниудын удирдлага илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай компани 8,8 сая тонн нүүрс үйлдвэрлэж, 4,5 сая тонныг урд хөршид борлуулсан. Бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл бол дэд бүтэц. Автотээврээр, хамгийн өндөр зардлаар нүүрсээ борлуулж байгаа нь энэ салбараас төсөвт бүрдэх мөнгөний хэмжээнд нөлөөлж байна” хэмээн ярилаа. Тус компани “Энержи ресурс” компанийн Баяжуулах үйлдвэрт нүүрсээ хамтран угааж, урд хөршид борлуулах ба 2016 он гэхэд өөрийн Нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах юм байна.

“Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан “Нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөлд компанийг удирдах нь” сэдвээр илтгэл тавьсан нь нэлээд сонирхол татсан юм.

“Эцсийн хэрэглэгчид хүрэх коксжих нүүрсний үнэ 2011 оны оргил үеэс 40 хувиар буурсан. 2011 оны коксжих нүүрсний үнийн өсөлт Хятадын нийлүүлэлтэд тасалдал гарснаас үүдэлтэй. Үүнтэй холбогдуулан Хятад улс импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлого барьж байна. Мөн тус улс 2011 оноос хойш Канад, ОХУ болон АНУ-аас импортлох хэмжээгээ нэмэгдүүлсэн боловч Австралийн нийлүүлэлт гурав дахин нэмэгдсэн”-ийг тэрээр илтгэлдээ онцоллоо.

Хятадад коксжих нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүссэн учраас үнэ буурч байгаа. Тиймээс БНХАУ-ын эрэлт уг илүүдлийг шингээх хүртэл 2-3 жил болох гэнэ. 2013 онд Монголын нүүрс экспортлогчид 26 сая тонн нүүрс олборлож, үүнээс 18 сая тонныг  экспортолсон нь  манай улсад нүүрсний 40 гаруй хувийн илүүдэл бий болгожээ. Түүний үзэж буйгаар Монгол нүүрсний өрсөлдөх чадвар сул байгаагаас зах зээлд эзлэх байр сууриа алджээ. Тухайлбал, Хятадын коксжих нүүрсний экспортын хэмжээ 2011 оноос 69 хувиар өссөн байхад Монголын экспортын хэмжээ 23 хувиар буурчээ. Түүнчлэн 2011 оноос хойш Монголоос бусад улсын нийлүүлэлт болон эзлэх хувь аль аль нь нэмэгдсэн байна.

2014 оны 1 дүгээр улирлын байдлаар Хятадын коксжих нүүрсний импортод Монголын эзлэх хувь 15,6 болж дахин буурчээ.


Г.Идэрхангай