Канадын Бритиш Колумбын (UBC) их сургуулийн уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) хамгийн сүүлд гаргасан 2012 оны тайланд хийсэн дүн шинжилгээгээ өчигдөр танилцууллаа. Уг семинарт мөн Монголын ОҮИТБС-ын ажилтнууд, байгаль орчин болон уул уурхайн чиглэлийн зарим төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэд оны эхээр ажилдаа ханцуй шамлан орж, нийт дөрвөн сарын хугацаанд манай улсын тайлангийн үнэн зөв байдал болон түүнийг олон нийтэд хүргэж буй ажилд хяналт хийжээ. Энэхүү ажилд тус сургуулийн оюутнууд Монголын хэд хэдэн төрийн бус байгууллага болон энэ чиглэлээр суралцдаг оюутнуудтай холбогдон судалгаагаа хийжээ. Ийнхүү судалгаа хийсний үр дүнд тэд ОҮИТБС-ын тайлангийн дүн мэдээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх тухайд илүү их санаачлагатай ажиллахыг уриаллаа. Тодруулбал тэд монголчууд энэ тайлангийн талаар төдийлөн сайн мэдэхгүйгээс гадна олж үзсэн ч ойлгоход төвөгтэй мэдээлэлтэй тулгарч буйг ажигласнаа онцолсон юм. Тиймээс зургаар дүрсэлсэн, график бүхий хялбарчилсан мэдээлэл оруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад боломжийг ашиглан нийтэд түгээхийг санал болгов. Түүнчлэн тайлангийн дүнг олон нийтэд зарлахдаа, тухайлбал 2012 оны тайланг 2013 оны сүүлээр буюу бүтэн нэг жилийн хойно дэлгэж буй нь мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдлыг нь сулруулж байгааг тэмдэглэсэн юм.
Энэхүү тайланг судалсны дүнд мөн Засгийн газар, компаниудын өгсөн тайлангийн зөрүү нь 360 гаруй сая төгрөг болсныг ч мэдэгдсэн нь анхаарал татаж байсан юм.
ОҮИТБС нь Монголд анх 2007 оноос хойш хэрэгжсэнээс хойш нийтдээ 7 тайлан гарсан бөгөөд тайлангийн чанарыг сайжруулах хүрээнд 70 зөвлөмж гаргажээ.
Монголын ОҮИТБС-ын Харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаагийн тайлбарлаж буйгаар аудитын үйл явцаас хамаарч ийм хугацаанд тайланг бэлтгэдэг байна. Гэхдээ Монголын тайлангийн чанар, бэлтгэгдэн гарч буй хугацааны хувьд бусад улс оронтой харьцуулахад дээгүүрт орж буй ажээ. Тэд мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгээр цахим тайлангийн систем нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа ярьсан юм. Энэ системийг нэвтрүүлснээр тайланг нэгтгэх ажил үлэмж хурдасч, тэр хэрээр тайланг эцэслэн зарлах хугацаа наашлах боломжтой болох юм.
Бритиш Колумбын их сургуулийн Жулиан Диеркэс профессороор удирдуулсан Канад, Монгол оюутнаас бүрдсэн багийн судалгааг семинарт оролцогчид сайн ажил болсон гэж үнэлж дүгнэхийн сацуу цаашид ийм чиглэлээр ажиллабал илүү нарийн мэдээлэл өгөхүйц уул уурхай, байгаль орчны мэргэжлийн байгууллагуудтай хамтрахыг зөвлөсөн юм.
2012 оны тайланд дурдсанаар, мөн онд ашиг малтмалын
тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 1543 компани Засгийн газарт татвар төлжээ.
Гэхдээ тайлангийн үр дүнтэй байдлыг сайжруулахын тулд Монголын ОҮИТБС-ын
Үндэсний зөвлөл болон Ажлын хэсэг 2012 оны тайланд 40 сая төгрөгөөс дээш төлөлт
хийсэн компаниудыг нэгтгэл тайланд хамруулахаар “босго” тавьжээ. Үүнд нийт 471
компани шаардлага хангасан ч нэгтгэл тайланд 200 компанийг хамруулахаар болжээ.
Тэдгээр 200 компанийн төлсөн нийт орлогын 80 гаруй хувийг арван томоохон компани
бүрдүүлж буй нь ажиглагджээ. Тодруулбал цөөн хэдэн нүүрс олборлогч компани
орлогын дийлэнхийг бүрдүүлж, алт олборлогч, хайгуулын чиглэлийн компаниудын
төлбөрийн эзлэх хувь маш бага байдгийг тогтоожээ.
Б.Төгс