Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн орд болох Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг удтал хойшлуулсны эцэст Гвинейн Засгийн газар, Рио Тинто болон түүний “нөхөд” болох Чайналко, Олон улсын валютын сан гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд дан ганц ордыг ашиглалтад оруулаад зогсохгүй, ордоос Гвинейн хойд хэсгийн эрэг буюу Conakry хот хүртэл 700 км үргэлжилсэн төмөр зам, Morebaya эргийн боомт, бусад дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Төмөр замын бүтээн байгуулалтад 7 тэрбум доллар, боомтод 4 тэрбум доллар, бусад дэд бүтцийн байгууламжид 2.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд төмөр замын даац, боомтын ачаалах хүчин чадал жилд 100 сая тонн байх ажээ. Одоогийн байдлаар “Рио Тинто” Симандоу уурхайн төсөлд аль хэдийнэ 3 тэрбум гаруй доллар зарцуулчихаад байгаа юм.
Татварын тухайд Гвинейн Засгийн газар “Рио Тинто”-д 30%-ийн ашгийн татвар, 3.5 хувийн роялти ногдуулж буй ажээ. Одоогоор Симандоу уулын төмрийн хүдрийн төслийн 8%-ийг Гвинейн Засгийн газар, 47%-ийг “Рио Тинто”, 41%-ийг “Чайналко”, үлдсэн 5%-ийг Олон улсын валютын сан эзэмшиж буй ажээ. Гэрээний хүрээнд ойрын 20 жилийн хугацаанд Гвиней эзэмшлийн хувиа 35% хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Тодруулбал 7.5%-ийг үнэ төлбөргүй, харин 20%-ийг худалдаж авах зарчмаар эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх сонголт бий ажээ. Харин төмөр замын эзэмшил 30 жилийн дараа Гвинейн Засгийн газрын мэдэлд шилжих юм байна.
“Рио Тинто”-гийн тооцоолж буйгаар энэ төсөл ашиглалтад орсноор жилдээ 95 сая тонн хүдэр олборлож экспортлох бөгөөд жил тутам 7.6 тэрбум долларын мөнгөн урсгал Гвинейн эдийн засагт орно. Симандоу ордыг ашиглаж эхэлснээр “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн нийт олборлолтын 30 гаруй хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм.
Б.Төгс