Японы гангийн “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” /NSSMC/ 1 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр, нүүрсний ашигтай төслүүдийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн буйг тус корпорацийн Дэд Ерөнхийлөгч Кацухико Ота мэдэгджээ. Тэрээр “Бид хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг судалж байна. Уул уурхайн ашигтай, сонирхолтой төсөл гарч ирвэл бид хөрөнгө оруулалтын сангаас 100 тэрбум иенийг зориулахад бэлэн” гэв.
Энэтхэгийн “Tata Steel”, Хятадын “Baosteel”компаниудтай хамтардаг NSSMC нь Индонезийн “Krakatau Steel”-тэй хамтарч ажиллахаар хэлэлцэж байгаа бол “ArcelorMittal”-тай хамтран “ThyssenKrupp”-ын гангийн үйлдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард худалдан авснаар АНУ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй.
Дэлхийн гангийн ассоциациас 2013 оны үзүүлэлтээр олон улсын гангийн компаниудыг жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтын эхний 5 байрт доорх компаниуд оржээ.
1. Люксенбургийн Вант улсын “Arcelor Mittal” - 96,1 сая тонн
2. Японы “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” – 50,1 сая тонн
3. Хятадын “Hebei Group”-45,8 сая тонн
4. Хятадын “Baosteel” - 43.9 сая тонн
5. Хятадын “Wuhan Steel Group” – 39,3 сая тонн
Э.Од