Он гарсаар эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны
эргэлт 4 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны алдагдал 204 сая доллар болжээ.
Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17%-иар өсч,
1.9 тэрбум доллар болсон бол импорт 15.6%-иар
буурч 2.1 тэрбум доллар болов. Нийт экспортын
81.3%-ийг
эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн
оны мөн үеэс 240 сая доллар буюу 18%-иар өсч,
тэрбум 568 сая долларт хүрэв.
Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийг харвал зэсийн баяжмалын экспортын орлого 718.2 сая долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 112.6%-иар өссөн байна. Биет хэмжээгээр нийт 433.8 мянган тонн баяжмал экспортолсон нь 87%-иар нэмэгджээ. “Оюутолгой” ХХК-ийн экспорт өсч байгаа нь зэсийн баяжмал төдийгүй нийт экспорт өсөхөд чухал нөлөөг үзүүлж байгаа юм.
Нүүрсний хувьд 7.2 сая тонныг экспортолсон нь 14.6%-иар өссөн ч орлого нь 20%-иар буурч 355.3 сая доллар болжээ. Төмрийн хүдрийн орлого ч мөн 41.3%-иар унаж, 154 сая доллар болсон байна. Эхний 5 сард 1.9 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь жилийн өмнөхөөс 400 мянган тонн орчмоор буурсан үзүүлэлт юм. Харин 5 дугаар сард ганц ч кг алт экспортлоогүй нь эхний 5 сарын алтны экспортын орлого 28.8%-иар буурахад нөлөөлжээ.
Газрын тосны экспортын орлого 53%-иар өсч, 259.4 сая долларт хүрчээ. Нийт 2.6 сая баррель түүхий газрын тос экспортолсон нь 46%-иар өссөн дүн юм.
С.Болд-Эрдэнэ