Роснефть компанийн Красноярск дахь газрын тос боловсруулах хамгийн чухал үйлдвэр болох Ачинскийн үйлдвэр орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн орой дэлбэрчээ. Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлж буйгаар уг дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн нас барж, долоон хүн гэмтэж, өөр хоёр хүний талаар тодорхойгүй байгаа ажээ.
Уг дэлбэрэлт Ачинскийн үйлдвэрийн ялгах хэсэгт (fractionation unit) гарч,
ноцтой доголдол учруулсан тул тус үйлдвэрийн боловсруулах шат дамжлагыг бүхэлд
нь зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Ингэснээр өдөрт 140 мянган баррель газрын
тосны бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр ажиллахгүй болж буй юм. Үйлдвэрийн засварын
ажилд зургаан сар шаардагдаж магадгүй тухай зарим эх сурвалж мэдээлжээ. Ачинск
нь Монголтой хамгийн дөт байрладаг газрын тосны үйлдвэр бөгөөд уг ноцтой ослын
улмаас манай улсад нийлүүлэх шатахууны татан авалтад хүндрэл үүсч болзошгүй юм.
Монголын компаниудын тухайд Ачинскаас бус, илүү ойр Ангарскаас шатахуунаа татан авч буй ажээ. Ачинскийн үйл ажиллагааг түр зогсоосон тохиолдолд Роснефть компани Ангарск дахь үйлдвэртээ илүү их бүтээгдэхүүн боловсруулж, Оросын дотоодын хэрэгцээнд түрүүлэн нийлүүлж болзошгүй байна. Одоогийн байдлаар Монголын компаниудад хоёр сар орчмын харьцангуй боломжийн нөөц байгаа ч, уул уурхай, ургац хураалтын ажлын ид үед хангамжид нөлөөлж болзошгүй юм.
Тус үйлдвэрийг Роснефть компани 2007 оны 5 дугаар сард худалдаж авсан бөгөөд жилд нийтдээ 7 сая гаруй тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай ажээ. Автомашины шатахуунаас авахуулаад онгоцны түлш хүртэлх маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг тус үйлдвэр нь өнгөрсөн 5 дугаар сарын 11-нд урсгал засварт орж, энэ сарын 19-нд үйл ажиллагааг эхлүүлэх байсныг 12-16-ны өдөр болгож урагшлуулсан байсан тухай Оросын Эрчим хүчний яам мэдээлжээ.
Уг үйлдвэр нь өнгөрсөн оны байдлаар нийтдээ 2.3 сая тонн
шатахуун экспортолсон байна. Үүний 1.8 сая тонныг Хар тэнгисийн Tuapse болон Taman боомтоор
тээвэрлэжээ. 400 мянган тонн орчмыг Номхон Далайн боомтоор гадагш нийлүүлжээ.
Мөн 220 мянган тонн дизель, 200 мянган тонн доогуур октан бүхий шатахуун (SRG)-ыг Алс Дорнодоор
дамжуулан экспортолжээ.
Б.Төгс