Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн энэ сарын 14-ны өдрийн уулзалтаар тус улс эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх шинэ зарчмуудыг боловсруулж буйг мэдэгджээ. Энэ нь тус улсын эрчим хүчний холбогдох эрх зүйн хуучин тогтолцоог халж шинэчлэх ажээ. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд Хятад улс эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ хумиж, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг бүрэн хэрэгжүүлэх замаар хэрэглээгээ хянах шаардлагатай гэж Си Жинпин уг уулзалтын үеэр мэдэгджээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын мэдээлж буйгаар нүүрсний үлэмж олборлолтын улмаас Хятад улс 2007 онд хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч улс болсон бол ердөө гурван жилийн дараа нь тус улс хамгийн их эрчим хүч хэрэглэгч улс болжээ. Тэр хэрээрээ газрын тос, байгалийн хийн импортоос хараат байдалд оржээ. Си Жинпин Хятад улс нүүрснээс хараат байдлаа багасгаж, байгалийн хий, салхи, нарны, цөмийн эх үүсвэрүүдийг цахилгаан үйлдвэрлэлд ашиглах нь зайлшгүй гэжээ. Нүүрсний хувьд тус улсын Засгийн газрын бодлогын дүнд цэвэр нүүрсний технологиудыг илүү хөгжүүлж, харин нүүрсний станцуудын технологийг сайжруулан бохирдол, хаягдлын хэмжээг нь хязгаарлах ажээ. Хятадын эдгээр арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд амжилт олж магадгүй тухай шинжээчид тэмдэглэж буй юм.
Нөгөөтэйгүүр Си Жинпин тус улсын нүүрсний хэрэглээ аль
хэдийнэ буурч эхэлснийг тэмдэглэсэн юм. Тодруулбал тус улсын нүүрсний хэрэглээ
2012-2013 онд 1.85%-иар нэмэгдсэн нь ихээхэн буурсан дүн юм. Учир нь уг
үзүүлэлт 2002-2011 оны хооронд жилд дунджаар 8.3% байжээ. Тус улсын хийн
түлшний хэрэглээ 2012 онд 15.4%, 2013 онд 13.9%-иар тус тус нэмэгджээ. Мөн нар,
салхины эх үүсвэр бүхий цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал 2012 онд 122%, 2013
онд 35.3%-иар нэмэгджээ. Одоогийн байдлаар Хятадын нийт цахилгаан үйлдвэрлэлийн
60 гаруй хувь нь нүүрснээс эх үүсвэртэй байгаа юм. Тус улс энэ хэмжээг 2023 он
гэхэд тал хувиар бууруулахаар зорьж байна.
Б.Төгс