Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна. Уг аудитын ажлын тайланд дутуу төлөгдсөн татварын дүнг нөхөж төлөх, холбогдох зөрчилд торгууль ногдуулах зэрэг асуудлыг тусгасан байжээ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус компани нийтдээ 130 сая ам.долларыг гүйцээгээгүй үлдээсэн татварын нөхөн төлбөрт төлж магадгүй байна. Гэхдээ яг нарийн дүнг талуудын аль аль нь мэдээлээгүй байгаа юм. Оюутолгой компанийн эхний үе шатны хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум доллараар хэтрүүлсэн асуудлыг Монголын Засгийн газартай одоо хэр нь нааштайгаар шийдвэрлэж чадаагүй байхад уг асуудал нэмэгдэж буй нь “гал дээр тос нэмэх” гэгчээр нөлөөлж болзошгүй байна.
Энэ талаар Turquoise Hill-ийн Гүйцэтгэх захирал Кэй Прэсли “Аудитын ажлын дүнтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Бид одоогоор уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Бид Хөрөнгө оруулалтын гэрээгээр олгогдсон татварын тогтвортой байдлын эрхээ хамгаалах нь нэн чухал юм” гэж мэдэгджээ.
Тус компанийн мэдээлж буйгаар Оюутолгой компани Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол улсын хуулийн хүрээн дэх бүх шаардлагатай татвар, хураамжийг төлсөн ажээ. Одоогоор Рио Тинто болон тус компанийн ажилтнууд аудитын дүнг нягталж буй бөгөөд хэрэв Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн агуулга бүхий шаардлага тухайн аудитын ажилд тусгагдсан тохиолдолд асуудлыг арбитрийн шүүхээр шийдвэрлэж мэдэх тухай өгүүлжээ.
Энэ сарын 30-н гэхэд татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусах хугацаа хойшилж магадгүйг мэдээндээ онцолжээ.
Одоогийн байдлаар Turquoise Hill-ийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 4.16%-иар буурч 3.69 долларын ханштай байна.
Б.Төгс