Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.
С.Болд-Эрдэнэ
Хөрөнгө оруулалтын хууль, түүнийг дагасан журам нь батлагдлаа. Одоо хууль хэрэгжих бүрэн боломжтой гэж ойлгож болох уу?
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын хуульд хөрөнгө оруулагч төртэй хэрхэн харьцах вэ, төр ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэх мэт маш олон харилцаа тусгагдсан. Энэ хуулийг анхнаас нь боловсруулахдаа бид өмнөх алдаагаа давтахгүйн тулд аль болох журмаас зайлсхийе гэсэн бодлого барьсан юм. Бусад олон хуулийн жишээ байгаа. Ихэнх харилцаа нь тодорхойгүйгээр журмаар зохицуулна гээд орхичихдог. Нөгөө журам нь батлагдахгүй нэг, хоёр жил болж, хүлээлт үүсгэдэг. Ийм алдааг давтахгүйн тулд огт журамгүйгээр хийхээр төлөвлөсөн байсан. Явцын дунд журам гаргах шаардлагатай харилцаа үүссэн. 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хэрэв хөрөнгө оруулагч хүсвэл Засгийн газар Гэрээ байгуулж болох зохицуулалт тусгаж, энэ харилцааг журам гаргаж зохицуулах шаардлагатай болсон. Ингээд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг баталлаа. Гэхдээ энэ журам нь Хөрөнгө оруулалтын хуульд байгаа олон харилцааны зөвхөн нэгэнд нь хамаарах л журам юм. Одоо ямар нэг журмын хүлээлт байхгүй хууль бүрэн утгаараа хэрэгжиж байна гэж ойлгож болно.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмын гол онцлог юу вэ?
Энд зарчмын ялгаа бий гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хуулийг бүхэлд нь дагаж мөрдөх журам гэж байхгүй. Хууль ямар нэг журам хүлээлгүй хэрэгжээд явж байгаа. Харин дотор нь тусгагдсан олон харилцааны нэг дээр нь зохицуулалтын журам гаргахаар хуульд заасан. Тэрхүү харилцаа нь томоохон буюу 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн, тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно гэсэн эрх зүйн харилцаа бий. Гэрээ байгуулахын тулд ямар процедур дагаж мөрдөх вэ гэдгийг журмаар зохицуулах шаардлагатай болсон. Жишээ нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад 3 сайд гарын үсэг зурж байсан. Түүнчлэн, хэлэлцээний бүрэлдэхүүн байгуулах явц ил тод байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төр, хөрөнгө оруулагчтай ямар зарчмаар хэлэлцээрт орох вэ гэдгийг зохицуулсан журам юм.
Хуульд заасан Тогтворжуулах гэрчилгээ олгоход 4 төрлийн татварыг тогтворжуулахаар хуульчилсан. 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулагч магадгүй 4 төрлийн татвар биш, харин Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх татварыг тогтворжуулъя гэсэн хүсэлт тавьж болно. Ийм хүсэлт гаргасны дараа аль салбарын сайд хэлэлцээг хариуцах, төр ямар процедураар ажиллах, ажлын хэсгийг хэрхэн байгуулах вэ зэрэг бүх зүйлийг тодорхой болгосон. Аль аль талдаа процедур нь ойлгомжтой болчихвол хэлэлцээ хийхэд хялбар. Нөгөө талаар, хэлэлцээнд орж буй процесс учраас бас хэт хязгаарлаж болохгүй. Хэлэлцээний явцад ямар ч асуудал гарч болзошгүй шүү дээ. Журмын ерөнхий агуулга бол ийм. Хөрөнгө оруулагчид, танай уншигчид үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Өмнөх хуулиуд шиг журмаа хүлээгээд хууль нь хэрэгжихгүй байгаа гэж ойлгож болохгүй юм шүү.
Журмын 2.4 зүйл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл гэсэн заалт бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшлах, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх... гэх мэт үндэслэлүүдтэй. Эдгээр үндэслэлийг хэн, хаана, яаж тооцох юм бэ? Тодорхойгүй нөхцөл үүсгэж байгаа явдал биш үү?
Мэдээж төр тогтооно. Ер нь аль ч оронд улс төрийн шинж чанартай, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлыг тогтоодог тодорхой зааж жагсаасан шалгуур байдаггүй юм билээ. Манай улсын хувьд үүнийг эдийн засгийн аюулгүй байдал гэж үзнэ гэдэг тогтсон тодорхойлолт байдаггүй гэсэн үг. Үүнийг ардчилсан засаглалтай улсад зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэдэг. Тухайн үеийн төр засаг энэ төсөл нь манай улсын эдийн засагт ийм ноцтой үр дагавартай гэж үзэх юм бол татгалзах шийдвэрийг гаргадаг. Энэ нь өөрөө аль нэг төр засгийн байгууллага тодорхойлохоос илүүтэй, энд ийм нэг санкц байна гэдэг асуудлыг тухайн салбарын дотоодын хувийн хэвшил, эсхүл олон нийтээс тавьж болдог. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчийн өрсөлдөгч нь дотоодын хөрөнгө оруулагч. Ийм төсөл хэрэгжвэл манай зах зээлд ингэж сөргөөр нөлөөлөх нь гэдгийг дотоодын хөрөнгө оруулагч ч хэлж болно. Түүнийг нь холбогдох байгууллагууд судалж, хоорондоо зөвлөлдөөд шийдвэр гаргадаг механизмаар ихэнх улс хэрэгжүүлж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, Тогтворжуулах гэрчилгээ авахыг хүссэн компани байгаа юу?
Яг одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт аваагүй байна. Хөрөнгө оруулагчид хууль, журмаа судалж буй байх.
Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт тавьсан компани одоогоор цөөхөн. Материалаа дутуу өгөөд эргэж буцаж байгаа 4-5 компани бий. Бид ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ, яавал тухайн компани хөрөнгө оруулалтаа зөв тооцуулж, өөрийн боломжоо сайтар ашиглах вэ зэрэг зөвлөгөө өгөөд явж байна. Бичиг баримтууд нь бүрэн болмогц эхний Тогтворжуулах гэрчилгээг 4 дүгээр сарын дундаас өмнө олгочихно гэж тооцож байгаа.
Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжээд 4 сар орчим өнгөрлөө. Үр дүн нь харагдаж байна уу? Танайд хандаж байгаа хөрөнгө оруулагч нэмэгдэж байна уу?
Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш 4 сарын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай 95 компани шинээр байгуулагдсан байна. Тооны хувьд бол чамлахааргүй үзүүлэлт. Мэдээж чанарын асуудал яригдана. Хандлага нааштай байна. Гадаад болон дотоодод сурталчилгааны үйл ажиллагааг нэлээд сайн зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой эерэг мессеж их байна. Асуудал нь Хөрөнгө оруулалтын хууль дангаараа бүгдийг зохицуулж, шийдэхгүйд байгаа юм. Хөрөнгө оруулалтын хуулиар бий болгосон үзэл баримтлалыг салбар салбарын хууль, журмуудад шингээх ёстой. Энэ л бидний хийх ёстой дараагийн гол ажил болж байна. Ерөнхий суурь хуулиа янзаллаа. Дараагийн шатанд салбаруудын хуульд уг үзэл санааг тусгахгүй бол Хөрөнгө оруулалтын хуулийн үр шимийг бүрэн хэмжээгээр амсана гэдэг хэцүү.
Ашигт малтмалын тухай хуульд тодорхой өөрчлөлт хийхээр бэлтгэгдэж байна. Бусад салбар нь энэ байдалд хэрхэн хандаж байна вэ?
Ер нь бизнесийн либерал орчныг бий болгох, сайжруулах зорилгоор Засгийн газар олон чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Жишээ нь тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх Ажлын хэсэг байгуулагдсан нь энэ үзэл санааг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан арга хэмжээ юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдаж байна уу?
Статистик мэдээллээ аваад үзвэл Монгол улс 2010 онд нэг тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг гаднаас татаж байсан байна. 2011, 2012 онд огцом өсөөд, өнгөрсөн онд 2.3 тэрбум орчим ам. доллар болж буурсан. Яг хэмжээг онцлохоос илүүтэй өөрчлөлт савлагаа хэрхэн явагдаж байна вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Жижиг эдийн засагтай улс учир томоохон төсөл хэрэгжихэд огцом савлаж, шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Төсөл зогсчихоор шууд хөрөнгө оруулалт огцом унаж байна.
Нөгөө талаас, олон улсын зах зээлийн хандлага чухал. Энэ онд дэлхийн эдийн засаг огцом өснө, сэргэнэ гэсэн дүгнэлт байхгүй. Үүнийг дагаад томоохон хөрөнгө оруулалтын сан, компаниуд энэ жил хянамгай, харзнасан байдалтай байх нь. Гэхдээ жижиг эдийн засаг сул талтай ч энэ нь заримдаа давуу байдал бий болгох тохиолдол байна. Жишээ нь, ганц хоёр томоохон төсөл хэрэгжихэд шууд хөрөнгө оруулалтад маань мэдэгдэхүйц нөлөөлдөг.
Уул уурхайн салбарын шууд хөрөнгө оруулалт унасан. Бусад салбар, дэд бүтэц, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт ямар байна вэ?
Мөнгөн дүнгээр аваад үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80% гаруй нь уул уурхайн салбарт ногддог. Тоогоор нь харвал гадаадын хөрөнгө оруулалттай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 8000 гаруй компанийн 400 гаруй нь л уул уурхайн салбарт ажиллаж байна. Бусад салбарт маш олон жижиг, дунд хөрөнгө оруулагч бий гэсэн үг. Тодорхой төсөл хэрэгжүүлэх гэдэг утгаараа бус, тухайн өсөлттэй зах зээлээс ашиг олох гэсэн бодлоготой байдаг байх. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хамгаалж чадах механизм байна уу гэдгээ харах хэрэгтэй. Жишээ нь барилгын салбар сүүлийн жилүүдэд тэргүүлэх өсөлттэй салбар байлаа. Гадаад, дотоодын гэлтгүй хөрөнгө оруулагчид орсон. Эргээд өсөлтийг нь цаашид яаж хадгалах вэ, үнэ, импортыг орлох бүтээгдэхүүн гэх мэт олон асуудал гарч ирнэ. Хэрвээ түүний дараах өсөлттэй салбар газар тариалан байвал бусад салбарт гарсан алдааг яавал давтахгүй явах вэ гэдэг бодлого чухал байна.
Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулагдсан уу?
Байгуулагдсан. Төрийн болоод ТББ-аас бүрдсэн 9 гишүүн байгаа. Анхны хурлыг хийхээр бэлтгэж байна. Хөрөнгө оруулалтын зөвлөлийн хуулиар хүлээсэн үүрэг нь Тогтворжуулах гэрчилгээ олгоход дүгнэлт гаргах ёстой. Хуульд Зөвлөлийн гишүүд юуг дүгнэх вэ гэдгийг заасан. Шинэ технологи нэвтрүүлж байна уу, ажлын байр бий болгох уу, байгаль орчны үнэлгээ хийсэн үү гэх мэт тодорхой шалгуураар дүгнэлт өгнө. Салбарын яамдаас мэргэжлийн хүмүүсийг оруулсан гэж ойлгож болно.
ЭЗХЯ-нд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төсөл бэлэн байгаа. Бүгдийг нь Засгийн газар санхүүжүүлэхэд хүнд. Гадаадын хөрөнгө оруулалтыг энэ төслүүдэд татах чиглэлээр танай агентлаг оролцох боломжтой юу?
Бид ярилцаж байгаа. Эхний ээлжинд Засгийн газар аль төслийг, хэрхэн дэмжихээ тодорхойлно. Дараа нь бид төсөл эзэмшигчидтэй ярилцаж байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг зуучилж өгөх боломжтой. Хэрэв төсөл хэрэгжүүлэгч Засгийн газраас санхүүжилт авч чадсангүй, гадаадын хөрөнгө оруулагчтай холбож өгөөч гэвэл манай агентлаг нээлттэй. Сонирхсон төсөл хэрэгжүүлэгчдийг хөрөнгө оруулагчтай холбож өгөх боломжтой.