Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЗЭЭЛЭЭР БАРЬЖ, НҮҮРСЭЭРЭЭ ТӨЛНӨ

Г.Идэрхангай

Тавантолгой ордоос Гашуун­сухайт боомт хүртэлх 267 км төмөр замын царигийг УИХ хаврын чуулганаараа шийдвэрлэлээ ч 2015 ондоо багтан ашиглалтад орох нь  эргэлзээтэй.

Засгийн газар Гашуунсухайтыг Хятадын Ганцмодны хилийн боомттой холбосон нарийн царигийн төмөр замыг барьж дуусгах шалмаг төлөвлөгөөндөө илүү анхаарч байгаа. Уг төмөр замыг 2014 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар яарч буй.

Хятадын Бугатаас Ганцмод хүртэлх 360 км төмөр замыг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан “Шенхуа” групп энэхүү төмөр замаа хил дамнуулан 15 км уртасгаж, боомтын төмөр зам тавих тохиролцоог Монголын талтай өнгөрсөн намар хийсэн билээ. Цагаанхадны ачиж буулгах цэгээс Ганцмодны боомт  хүртэл нүүрсний авто тээврийн өртөг  нэг тонн нь 8-9 доллар. Боомтын төмөр замыг  ашиглалтад оруулбал энэ зардлыг доод тал нь 3-4 дахин бууруулах боломжтойг мэргэжилтнүүд тооцоолсон.  Энэ төмөр замаар жилдээ 50  сая тонн нүүрс тээвэрлэж, Хятадын зах зээлд гаргах Санамж бичгийг хоёр улсын Ерөнхий сайд нар баталгаажуулсан юм. 




“Шенхуа” групптэй ямар тохиролцоонд хүрсэн бэ?

Хятадын төрийн өмчит “Шенхуа” компани, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн ”Тавантолгой” ХК-ийн төлөөлөл бүхий Консорциум уг төмөр замыг барьж, ашиглана. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн хэдэн сарын турш Монголын олборлогч хоёр компаниа  төлөөлөн “Шенхуа”-тай хэд хэдэн уулзалт хийсэн ч энэ бүх асуудлыг нэгтгэн зангидах учиртай Консорциум байгуулагдалгүй өдий хүрсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани боомтын төмөр зам барих Гэрээний ерөнхий нөхцөлүүдээ  эхний ээлжинд “Шенхуа”-тай тохирчээ. “Шенхуа” төмөр замын зураг төсөл, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгасан ба бүтээн байгуулалт эхлэхэд Монголын олборлогч гурван компани 30%-ийг өөрсдийн хөрөнгөөр, 70%-ийг “Шенхуа” групп зээлийн нөхцөлөөр барихаар тохирсон юм. “Шенхуа” групп нэгэнт зээл гаргаж, төмөр замаа барих учраас энэ талын зохицуулалтуудыг хийх гэж  өнгөрсөн хэдэн сарын турш  бичиг цаастай зууралдлаа” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захирал С.Цэвэгжав тодотгов.

Гэрээний ерөнхий нөхцөлүүдээ тохирсны дараа талуудын гол хүлээлт болсон Консорциум буюу “Гашуунсухайтын төмөр зам” компани байгуулах шийдвэрийг Засгийн газар  саяхны хуралдаанаараа гаргалаа. Гэхдээ “Шенхуа” групп нийт дүнгээрээ 70 гаруй хувийн санхүүжилт гаргаж,  дэд бүтцээ бариад эхэлчих учраас Монголын талаас зээлийн батлан даалтын нөхцөл шаардах болсон байна. Зээлийн батлан даалтын нөхцөл гэдэг нь товчхондоо манай тал  уг зээлийг ямар хэлбэрээр, хэрхэн төлж дуусгах тухай юм.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компани “Шенхуа”-гийн боловсруулсан нарийн царигийн төмөр замын  урьдчилсан ТЭЗҮ-тэй танилцсан  ч нарийвчилсан ТЭЗҮ-ийг хүлээж байгаагаа нуусангүй.  Уг  ТЭЗҮ дээр бүтээн байгуулалтад шаардагдах ажлын ерөнхий дүнг тээврийн тарифтай уяж өгч байж, зээлийн батлан  даалтын нөхцөлийг тохирохоос аргагүй байдалд Монголын тал байгаа. Нэг талаасаа энэ нь маш их цаг үрсэн ажил, нөгөө талаас “Шенхуа” групп  манай Засгийн шийдийг хүлээж байсан тул  Засгийн газрын хэрэг эрхлэх газар уг асуудлыг  Засгийн газрын  хуралдаанаар яаравчлан оруулсан байна.


Олборлогч гурвыг  төлөөлөх Консорциум буюу “Гашуунсухайтын төмөр зам” ХХК

“Энержи Ресурс” компанийн төмөр замын төслийг төр “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлж,  Засгийн газар өнгөрсөн оны 8 дугаар сард Боомтын зориулалттай нарийн царигийн төмөр зам тавих тухай тогтоол гаргасан. Гэхдээ тогтоол гарснаас хойш уг асуудлыг дагнан хариуцах гол субъект буюу Консорциум  “Эрдэнэс Тавантолгой” дээр байгуулагдаагүй нь олны эргэлзээг төрүүлж байв.

“Шенхуа” групп энэ хооронд боомтын төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулчихаад Монголын компаниудын төлөөлөл Консорциум “мэндлэх”-ийг хүлээж байсан. “Гашуунсухайтын төмөр зам” ХХК  /ГСТЗ/ мэндэллээ. Гэхдээ “Шенхуа”-тай тохирсон Гэрээний ерөнхий нөхцөлүүдээ “Эрдэнэс Тавантолгой” компани ТУЗ-ийн хурлаараа баталчихвал ГСТЗ компани үйл ажиллагаагаа шууд эхлүүлж,  ойрын үед “Шенхуа”-гийн зүгээс оруулж ирэх нарийвчилсан ТЭЗҮ-ээ тохирно гэдгийг холбогдох албаныхан дуулгалаа.

Энд нэг зүйлийг онцлоход, ГСТЗ-ийг байгуулахаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани тус Консорциумын дүрмийн төслийг “Шенхуа”-д танилцуулж, тохиролцсон ба Гэрээний ерөнхий нөхцөл дээрээ суурилан  боловсруулж дуусгах аж.
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д “Эрдэнэс Тавантолгой”-гоос 2, “Энержи ресурс”-аас 2, орон нутгийн “Тавантолгой”-гоос 1, “Шенхуа” группээс 6 төлөөлөл орохоор тогтжээ.

“Хамтарсан компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК хамтарсан компанийн хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ногдох хөрөнгийг оруулах шаардлагатай” гэж Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд тусгасан.

Боомтын төмөр замын 49%-ийг “Шенхуа”, 51%-ийг Монголын компаниуд эзэмшихээр болсон тул Монголын талд ногдож байгаа 51%-иас “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компани тус бүр 17%-ийн хувьцаа эзэмшихээр болж байгаа.

Гэрээний ерөнхий нөхцөлд тусгаснаар боомтын төмөр замыг барьж дуусангуут Монголын тал “Шенхуа”-гийн зээлийг Тавантолгойгоос олборлосон нүүрсээрээ төлж эхлэх үүрэг хүлээжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн нүүрсээ “Чалко”-д барьцаалж, 350 сая ам.доллар зээлсэн хэлбэртэй агаар нэг юм. Гэхдээ “Шенхуа”-гийн зээлийн төлбөрт манай тал ямар хугацаанд, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх нь нарийвчилсан ТЭЗҮ-гээр тодорхой болох нь.

Нарийвчилсан ТЭЗҮ-ийг “Шенхуа” бус Хятадын төрийн өмчит   Төмөр замын III товчоо  хэмээх байгууллага боловсруулж буйг  холбогдох албаныхан онцолсон.  ТЭЗҮ ирэх 5 дугаар сарын эхээр бэлэн болсон байх бөгөөд боомтын төмөр замд талууд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь үүгээр тодорхой болно. 

“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500 мянган ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай” гэж Засгийн газрын тогтоолд  дурьдсан. Уг тогтоолоор бол “Гашуунсухайтын  төмөр зам”-ийг байгуулахын тулд Дүрмийн санд нь хувь нийлүүлэгч 4 компани тус бүр 500 мянган ам.долларын хувьцаа  төвлөрүүлж, үүгээрээ  боомтын төмөр замын эхний шатны  ажлуудыг гүйцэтгэх ба явцын дунд үлдэгдэл санхүүжилтийг хийхээр болжээ.

Боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулах хүртэл гэрээгээр үүрэг хүлээсэн  Монголын олборлогч гурван компани тус бүрдээ 10 сая гаруй долларыг ГСТЗ консорциумд  төвлөрүүлэх юм байна. “Шенхуа” групп Гашуунсухайт боомтыг Хятадын Ганцмодны боомттой холбосон боомтын төмөр замыг барьж  дуусгаад “Монголын төмөр зам” /МТЗ/  төрийн өмчит компанид хүлээлгэн өгөх учиртай.   

МТЗ нь төмөр зам суурь бүтэц эзэмшигчийн хувьд “Гашуунсухайтын төмөр зам”  консорциумыг “Шенхуа”-гаас хүлээж авах ч талуудын Санамж бичигт тусгасан зарчмаар худалдаж авна. Гэхдээ тухайн үед МТЗ ингэж худалдаж авч чадахгүй бол яах вэ гэсэн  асуудал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд “асуултын тэмдэг” болжээ. Тиймээс  Монголын нүүрсний олборлогч гурван компани уг Консорциумыг цааш нь аваад явахаас аргагүй болно. Үүнийгээ МТЗ-тэй харилцан тохирох гэрээг мөн боловсруулаад байгаа аж. МТЗ-ын санхүү одоогоор тааруухан байгаа. Учир нь тус компанид Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 247 км төмөр замыг барихад зориулж “Чингис бонд”-оос 200 сая ам.доллар хуваарилсан бөгөөд уг мөнгө  дуусч байгаа сурагтай.   


Боомтын төмөр замын  трасс хэрхэн батлагдав?

Зам тээврийн яамны боловсруулж  баталсан трассаар бол Гашуунсухайтын боомтоос Ганцмод хүртэлх төмөр зам  урьдчилсан ТЭЗҮ-гээр 15 км-ийн урттай.

2008 онд “Энержи ресурс” компани төмөр замын трассаа хятадуудтай тохирсон тодорхой цэгүүд байсан. Гэтэл хятадууд түүнээсээ буцчихсан тул хоёр талаасаа уулзах төмөр зам хэдэн км-ээр зөрснийг төсөл дээр ажилласан инженер хэлж байлаа.

Хятадын Ганцмодны боомт орчмын газар Монголын их говийн дархан цаазат газарт багтдаг. Тийм учраас “Энержи ресурс”-ийнхэн дархлагдсан газарт ороогүй хэсгээр трассаа явуулах төлөвлөгөөтэй байв.

Харин хятадууд үүнээс тэс өөр маршрутаар буюу Дархан цаазат газрын бүс руу оруулаад, трассаа боловсруулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахад “Дархан цаазтай газар, Хязгаарлалтын бүс, Хамгаалалтын бүс гэж тус тусдаа. Боомтын төмөр замын шинэ трасс зөвхөн хязгаарлалтын бүсийг л дайрна. Гашуунсухайтын боомт яг энэ бүсэд байршдаг” гэсэн тайлбарыг өгсөн.

Хятадууд төмөр замын трассаа Ганцмодны боомтын зүүн талаар тавихаар боловсруулсан байсан бол “Энержи ресурс” компани Гашуунсухайтын боомтын баруун талаар  оруулахаар төлөвлөжээ. Хятадууд нэгэнт трассаа хил дээр тулгаад оруулаад ирчихсэн учраас үүнийг өөрчлөх ямар ч боломжгүйг албаны хүмүүс онцолсон.
Хил хамгаалах газар, Байгаль орчны яам, Зам тээврийн яамнаас шинэ трассыг Их говийн дархан цаазат газрын онцгой бүсээр дайраагүйг нотолсон дүгнэлтийг “Эрдэнэс Тавантолгой” компани дээр ирүүлжээ.

Ганцмодны боомтын статусыг өөрчлөхгүй бол...

Шинэчлэлийн Засгийн газрын төмөр замтай холбоотой гаргасан сүүлийн хоёр тогтоол нь “Нүүрсний экспортыг дэмжих” гэсэн тодотголтой. Тавантолгой ордын үнэ цэн шалдаа унаж, нүүрсний экспорт гацаанд орсон энэ цаг үед Засаг хилийн боомтуудаа шинэчлэх, дэд бүтцийн асуудлыг яаравчлан шийдэхээр урд хөршийн холбогдох албаныхантай  ойрмогхон хэд хэдэн яриа хэлэлцээ хийлээ.

УИХ-аас Хилийн боомтын тухай хуулийг өнгөрсөн оны сүүлээр баталсан. Энэ хууль 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд боомт тус бүр дээр Боомтын захиргаа ажиллана. Боомтын захиргаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлэх, боомт дахь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох гол зорилготой. Гэхдээ Гашуунсухайт боомт дээр Боомтын захиргаа байгуулагдаад  эхний хийж гүйцэтгэх томоохон  ажил нь Ганцмодны  боомтыг орон нутгийн статусаас нь салгаж, улсын статустай болгох  ажлыг зохион байгуулах бөгөөд үүнийгээ Хятадын талтай нэг мөр тохирч, шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, боомтын төмөр замыг барихаасаа өмнө Ганцмод-Гашуунсухайтын боомтыг олон улсын болгож, Өвөр Монголын Баянуур аймгийн захиргаа бус, хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудлыг шийддэг болбол  нүүрсний экспортод түлхэц өгөх нь гарцаагүй юм.