Хятадын нүүрсний олборлолтын тэргүүлэх бүс нутаг Шанси мужид өдөр ирэх бүр доройтсоор буй нүүрсний салбарыг дэмжих бодлого үргэлжлэн хийгдсээр байна. Шанси мужийн Засгийн газар нүүрсний холбогдох хураамжуудыг арилгаж, танах тухай энэ даваа гаригт мэдээллээ. Энэ хүрээнд тус мужийн нүүрсний компаниудад ногдуулдаг нүүрсний хяналтын менежментийн хураамжийг цуцалж, нүүрсний чанарын шалгалтын хураамжийг бууруулах юм байна. Мөн мужийн таван гол нүүрсний компанид ногдуулдаг үйлчилгээний хураамжийг 20%-иар танахаар боллоо. Эдгээрт төрийн өмчийн Datong Coal, Jincheng Anthracite, Yangquan Coal, Lu’an Group болон Shanxi Coking Coal зэрэг компани орно. Харин ирэх жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн уг хураамжийн тогтолцоог бүрэн халахаар төлөвлөжээ. Мөн Шанси муж нүүрсний тээврийн тогтолцоонд шинэчлэл хийхээр зэхэж буй бөгөөд Shangxi Coal Transport & Sales Group-т ногдуулдаг тээвэрлэлтийн хураамжийг тэглэх юм байна. Ингэснээр нүүрсний олборлогч болон худалдан авагч компаниудад аль алинд нь ашигтай нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Уг төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэхийн тулд ирэх сарын 7-нд хяналт шалгалтын 6 баг бүрэлдэхүүнийг мужийн нүүрсний идэвхтэй үйлдвэрлэл бүхий орон нутгийн Засаг захиргаанууд руу илгээж, шинэ дүрэмд нийцүүлэн ажиллаж буй эсэхийг хянах юм.
Шанси мужийн захирагч Ли Шиаопэн мужийн дөрвөн бүс нутагт нүүрсний салбарын шинэчлэл авчрах ажлын хэсгийг ахалж буй юм. Өнгөрсөн оны 7 дугаар сард мужийн Засгийн газар нүүрсний салбарт авч хэрэгжүүлэх 20 чухал арга хэмжээний хөтөлбөрийг баталжээ. Ажлын хэсгийн хөтөлбөрт шаардлагагүй татвар хураамжийг арилгах, автозамын тээврийг шинэчлэх, нүүрсний удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, цэвэр нүүрсний болон хүлэмжийн хийн ялгарал багатай технологийг нэвтрүүлэх чиглэл багтаж буй юм.
Shanxi Daily хэвлэлийн мэдээлж буйгаар хэрэв шинэ дүрэм ирэх сараас хэрэгжээд эхэлбэл энэ нь мужийн компаниудын зардлыг мөн онд 6.09 тэрбум юаниар (6.5 юань/тонн) хэмнэж, цаашлаад ирэх жил дахин хоёр хураамжийг тэглэснээр нэмэлт 7.5 тэрбум юанийн (7.8 юань/тонн) хөнгөлөлт авчрах төлөвтэй байна.
Үүнээс гадна энэ оны эхээр мужийн Засгийн газар нүүрсний компаниудыг Байгаль орчны нөхөн сэргээлтийн сан болон уурхайн шилжилтийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээс чөлөөлснийг үргэлжлүүлэхээс гадна компаниуд зөвхөн China Taiyuan худалдааны төвд үйлчилгээний хураамжийн тал хувь буюу борлуулалтын үнэлгээний 0.05%-ийг төлөхөд болно гэж мэдэгдэж байжээ. Нөгөөтэйгүүр Шанси мужийн компаниуд нүүрсний салбарын тогтвортой хөгжлийн санд төвлөрүүлдэг хураамжаас аль хэдийнэ чөлөөлөгдөөд буй бөгөөд коксжих нүүрсэнд ногдуулдаг хураамжийг 20 юань/тонн, эрчим хүчний нүүрснийхийг 15 юань/тонн болгож бууруулаад байгаа юм. Эдгээр алхмыг нүүрсний салбарт хэрэгжүүлэх 20 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлжээ.
Энэхүү нааштай арга хэмжээг ашиг авчирна гэж нүүрсний компаниуд харж буй ч, тооцоолж байснаас бага эерэг үр дүн авчирч мэдэхийг зарим шинжээч сануулжээ. Тодруулбал уг арга хэмжээ хэрэгжсэнээр Хятадын дотоодын зах зээлд бүтээгдэхүүний илүүдэл үүсгэж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал бүрдэж мэдэхээр байна.
Б.Төгс