Оросын нүүрс, металын магнат “Мечел” компани Хятад руу нийлүүлэх нүүрсний худалдаагаа энэ жил 19%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд “Мечел” Хятад руу 7.5 сая тонн нүүрс экспортлох юм байна. “Мечел” зөвхөн Хятад төдийгүй Өмнөд Солонгос, Япон руу гаргадаг экспортын хэмжээгээ энэ онд 40 гаруй хувиар нэмэгдүүлж, 1-1.8 сая тоннд хүргэх ажээ. “Мечел майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Павел Штарк Элга ордоос нүүрс нийлүүлэхээр Японы NSSMC, Nisshin, KSL, NCE болон JFE зэрэг компанитай ярилцаж буйг мөн мэдэгджээ.
Тус компани энэ жил Элга ордын олборлолтын үйл ажиллагаанд 2.5 тэрбум рубль, ирэх жил 26 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Элга ордоос 2.2 сая тонн нүүрс олборлохоор байсан ч энэ оны төлөвлөгөөг 1 сая тонн болгож бууруулаадбайгаа билээ. Яг одоогийн байдлаар тус компани Элга ордын төмөр замыгөргөтгөхтөсөл, баяжуулах үйлдвэр, цахилгааны дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж буй ажээ.
Үүнээс гадна Мечелийн өрийн хэмжээ 8.3 тэрбум долларт хэдийнэ хүрчихээд буй юм. Иймд тус компани өөрийн салбар болох Moscow Coke &Gas Plant болон АНУ-д төвтэй Mechel Bluestone-ийг худалдахаар болжээ. Гэхдээ худалдааны яриа хэлэлцээр дөнгөж эхлэлийн шатандаа байгаа учир нарийн зүйл хэлэхэд эрт байгаа ажээ.
Б.Төгс