Хятадын аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэж байна. Учир нь тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт болох Purchasing Managers индекс өнгөрсөн зургадугаар сард 51 болж, өмнөх тавдугаар сард 50.8 байснаасаа өсчээ. Энэ тухай тус улсын Статистикийн газар болон Хятадын логистик, худалдааны холбоо мэдээлсэн байна.
Зургадугаар сарын дүн нь энэ оны аж үйлдвэрлэлийн индексийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хятад улс 2014 оныг нэлээд тааруу өсөлттэйгөөр эхэлсэн нь эдийн засагчдын дунд сөрөг таамаглал газар авахад хүргэсэн юм. Тодруулбал, Хятадын эдийн засаг оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4%-иар өссөн нь 2012 оны гуравдугаар улирлаас хойшх хамгийн доогуур өсөлт болсон юм. Харин сүүлийн саруудад тус улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт дараалан өсч буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг тогтворжих хандлагатай гэдгийг баталгаажуулж байна.
Үүний зэрэгцээ тус улсын аж
үйлдвэрийн салбарын компаниудын ашиг оны эхний таван сарын байдлаар өнгөрсөн оныхоос
9.8%-иар нэмэгдсэн дүн гарчээ. Түүнчлэн Хятадын экспорт өнгөрсөн тавдугаар сард
өмнөх оны түвшингээс 7%-иар дээшилсэн юм.
Б. Төгс