Ашигт малтмалын хуулийн 5.5 дахь заалтыг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий Цагаансуваргын зэс-молибденийн ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 5 дугаар сард Засгийн газар өргөн барьсан билээ. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Цагаансуваргын ордод төр хувь эзэмшихгүй хэмээн шийдвэрлэлээ.
Цагаансуваргын зэс-молибденийн орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших бөгөөд нийт 250 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 11 тонн алтны нөөцтэй юм. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор уг ордыг стратегийн ордод хамааруулсан.
Стратегийн ач холбогдол бүхий 15 ордоос Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ- Овоо, Төмөртэй, Эрдэнэтийн ордод төрийн хувь эзэмшил тодорхой болсон бөгөөд ганцхан Цагаансуваргад төр хувь эзэмшихгүй хэмээн шийдвэрлээд байна. Мөн Төмөртэйн ордод ашиглалт явагдаж байгаа бол Асгатын мөнгөний орд, Бүрэнхааны фосфоритын орд болон ураны 3 ордын асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй үлдэж байна.
“Монголын Алт” компани одоогоор уг ордыг ашиглахын тулд 323 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар. МАК төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд Европын сэргээн босголт хөгжлийн банктай /ЕСБХБ/ 450 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж, 250 сая ам.долларыг аваад байгаа аж. Төр хувь эзэмшихгүй гэж шийдвэрлэсэн болохоор үлдсэн 200 сая доларын зээлийн санхүүжилт удахгүй орж ирэх боломжтой юм. Мөн тус компани бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо урьдчилан авах байдлаар үлдсэн санхүүжилтээ шийдвэрлэх боломжтойг тус компанийн Дэд ерөнхийлөгч Г.Цогт мэдэгдэж байсан билээ. Мөн төслийн хөрөнгө оруулалтыг 6.6 жилд нөхөх боломжтой юм.
Цагаансуварга төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор уурхайн ашиглалт 17 жил байх бөгөөд зэсийн үнэ дунджаар 5511 ам.доллар байх үед нийт 11 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсад 3,4 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөхөөр байгаа. Цэвэр ашиг нь 2 их наяд гаруй төгрөг байх юм байна.
С.Болд-Эрдэнэ