Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас шинэчлэн батлагдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа. Хуульд зарчмын ямар өөрчлөлтүүд орсон бэ?Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийн 20%-ийг бүрдүүлж, ГШХО-ын 80% орчмыг татаж, экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Монгол улс идэж уух, өмсөж зүүх ихэнх хэрэглээгээ гаднаас валютаар импортолдог. Төлбөр тооцооны уг валютыг оруулж ирж байгаа гол салбар нь уул уурхайн салбар. Тиймээс геологи, хайгуулын салбараа эрчимжүүлж, үүгээр дамжуулан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд салбарын хуулиа өөрчлөх шаардлага тулгарсан юм.
Хуулийн нэмэлт өөрчлөлт нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигчийн эрхэнд халдахгүй байхзарчмыг баримталсан. УИХ ч ийм зарчим баримталсан. Миний хувийн бодлоор УИХ дээр хувийн хэвшлээ дэмжсэн, хүнд суртлыг бууруулсан, илүү либералчилсан өөрчлөлтүүдийг хийсэн гэж үзэж байгаа. Тухайлбал лицензийн наймааны асуудал байна. Салбарын өөрийнх нь онцлогоос үүдэлтэйгээр салбар өөрөө хөгжихийн тулд лицензийг байнга шилжүүлж байдаг. Жижиг компани нь томдоо өгдөг. Геологич болгон том уурхай ажиллуулж чадахгүй. Лицензийн наймааг хаах зорилгоор нэлээд хатуу өөрчлөлтүүдхийсэн ч УИХ дээр зарим заалтыг дэмжээгүй.
Том уурхай тойрсон ханган нийлүүлэлтэд дотоодын компаниудыг түлхүү оруулахаар болсон. Уул уурхайн салбар өөрөө шууд утгаараа техник их хэрэглэж, ажлын байр бага бий болгодог ч тухайн уурхайг тойрсон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон ажлын байр бий болгодог.
Цахимжуулах буюу тусгай зөвшөөрлөө авах, сунгуулах процедурыг аль болох энгийн болгож байгаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог заалт олон байсныг багасгаад, ердийн торгуулийн журам руу оруулж өгч байгаа. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, эсвэлшүүхийн шийдвэрээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Бид шүүхийн шийдвэрээр гэдгийг хөндөөгүй. Харин ямар нэг шалтгаанаар, тухайлбал банкны ажилтны буруугаас, нягтлан бодогчийн буруугаас санхүүгийн гүйлгээн дээр төлбөр нэг цаг хоцорч хийгдэхэд л тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог байсныг болиулсан.
Мөн шүүх дээр маргаантай байхад тусгай зөвшөөрлийн хугацаа нь үргэлжилж байдаг. Жишээ нь 9 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл эзэмшиж байхад 3-4 жил нь шүүх дээр маргаад үлдсэн 5 жилд хайгуулын ажлаа хийсэн тохиолдол байдаг. Иймээс маргаантай байгаа хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаан дээр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл 3-4 жил шүүхдээд хугацаа алдсан бол тэр шүүхэдсэн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаанд тооцохгүй байхаар болсон гэсэн үг.
Сонгон шалгаруулалтаар олгодог байсан зөвшөөрлүүдийг бууруулаад аль болох түрүүлж өргөдлөө өгсөнд нь олгодог олон улсын зарчим руу дөхүүлсэн байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл болно.
Хайгуулын хугацааг сунгасан. Монгол улс хүйтэн улирал урт үргэлжилдэг улс учраас хугацааг нь 9 жил байсныг 12 жил болгосон.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг төрийн мэдлээс гаргаж, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн хүмүүст нь хариуцуулахаар болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхтэй холбоотой юм. Олон улсын чиг ч ийм байдаг юм билээ. Хайгуулын ажлын тайлан, нөөцийн тайлан, ТЭЗҮ-ийг тусгай мэргэшсэн мэргэжилтэн өөрөө хийгээд өөрөө хариуцлагаа үүрээд явдаг. Олон улсын биржүүдийн тавьдаг шаардлага ч ийм байдаг. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрөнгө оруулалт босгоход таатай болно гэж бодож байгаа.
Хууль тогтвортой байх ёстой. Ялангуяа сонгуулийн үеэр хууль өөрчлөгддөг. Үүнээс хамгаалах зорилгоор Бодлогын зөвлөлийг байгуулахаар тусгасан. Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчныг тогтвортой байлгах үндсэн зорилготой. Хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодоос төлөөлөлтэй Зөвлөл байх болно.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн байгууллагад өргөдөл гаргахад хариу өгөхгүй байх, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хойшлуулах байдал их гардаг. Үүнийг зогсоох зорилгоор хатуу хугацаа зааж өглөө. 30-60 хоногт өргөдлийг заавал шийдвэрлэх ёстой. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд гаргадаг хүнд суртлыг багасгаж байгаа нэг хэлбэр юм. Энэ мэтчилэн олон өөрчлөлт орсон. Хамгийн гол ач холбогдол нь сүүлийн 4-5 жилд шинээр олгохыг хориглосон байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхээр болсон.
Стратегийн ордтой холбоотой хэсгийг яагаад хойшлуулсан юм бол?Стратегийн ордтой холбоотой маргаан их гарсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд стратегийн орд байж болно. Гэхдээ өр тавих замаар хувь эзэмших нь буруу юм байна. Татвар төлөгчдийн мөнгийг өөр зүйлд, эмнэлэг, сургууль барихад зарцуулах нь зүйтэй юм гэж үзсэн. Яагаад гэхээр уул уурхайн хайгуулын шат нь казиногоос ялгаагүй байдаг. Азтай байвал 10 өрөмдөөд нэг юм олно. Азгүй байвал 100 өрөмдөөд ч юм олохгүй. 1 өрөм тавих нь асар их зардалтай байдаг. Хоёрдугаарт уул уурхайн ашиглалтын шат нь бас том эрсдэлтэй. Хэрвээ түүхий эдийн үнэ уначихвал зардлаа ч дааж чадахгүй алдагдал хүлээдэг. Төрийг ингэж эрсдэлд оруулах нь зохисгүйгэж үзсэнтэй холбоотой. Хэдийгээр ашигтай ажиллавал хувь эзэмшээд ногдол ашиг авдаг ч гэсэн үүний нөгөө талд үнэ буураад алдагдал үүсвэл Төр тэр хэмжээгээрээ өртэй болно.Үүн дээр УИХ-аас маш олон санал гарсан.
Стратегийн 15 орд нь эдийн засгийн хувьд том асуудал ч н нийт уул уурхайн салбарт бол жижигхэн асуудал юм. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээтэй, Төмөртэйн цайрын ордод төр хувь эзэмшихгүй Тогтвортой байдлын гэрээгээр ашиглаж байгаа, Эрдэнэт хэвийн ажиллаж байна. Тавантолгой хөдөлгөөнд орох гээд байж байна. Бороогийн ордын нөөц нь дууслаа. Ураны 3 орд өөр хуулиар зохицуулагдана. Стратегийн 15 орд дээр ямар нэг байдлаар үйл ажиллагаа явагдаж байна, үлдсэн хэд нь удахгүй эргэлтэд орно. Гэтэл үүнийг тойрсон маргааны сүүдэрт уул уурхайн салбар, геологийн салбар, мэргэжилтнүүд хохироод байгаа юм. Монголын уул уурхай, геологчид энэ 15 ордоор хязгаарлагдахгүй болохоор ганцхан стратегийн ордын маргаанаас болж салбарыг бүхэлд нь зогсоож болохгүй гэж үзсэн.
Хуулийн төсөл өөрөө эдийн засаг, хөрөнгө оруулалтын маш том хүлээлт үүсгэчихсэн байсан болохоор стратегийн ордууд дээр маргаантай байгаа энэ асуудлаа хойш нь тавиад хуулиа батлаад явъя гэж шийдсэн.
Хуулийн өөрчлөлт хэзээнээс хүчин төгөлдөр болох вэ? Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээнээс шинээр олгож эхлэх вэ?Хууль ердийн журмаар хэрэгжинэ. Ёсчилж, “Төрийн мэдээ” сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Үүнд 2 долоо хоногийн хугацаа орно.
Уул уурхайн салбарын үндсэн суурь бол геологи, хайгуулын салбарг. Геологи, хайгуулын салбарын үндсэн зорилго нь байгаа ашигт малтмалаа ухаж гаргаад зарах биш хаана, ямар баялаг байна вэ гэдгийг мэдэж авах байдаг. Ингэж баялгийнхаа нөөц бололцоог мэдэх нь олон эерэг үр дагавартай. Тухайлбал, улс орны зээлжих чадварын үнэлгээ өсдөг. Мөн геологи, хайгуулын салбарт орсон хөрөнгө оруулалт нь Монгол улсад бүрэн шингэж үлддэг. Ажлын байрыг олноор бий болгодог, тэнд шаардлагатай өрөм, геофизик, катеринг гээд олон үйлчилгээг дотоодын компаниуд үзүүлдэг. Сүүлийн 4-5 жилд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлүүдийн тоо хурдтай буурч байна. Дахиад ч 2-3 жилдээ буурахаар байна. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа сөрөг үр дагавар дагуулж байгаа. Геологичдын үйл ажиллагаа хумигдаж, ажлын байр нь байхгүй болж байна. Ирээдүйд улсын нөөц баялгийн санг нэмэгдүүлэхэд хүндрэл гарч эхэллээ. Тийм болохоор хайгуулын лицензийг дахин олгож эхлэхээр боллоо. Гэхдээ шууд маргаашаас лиценз олгоод эхлэхгүй. Тодорхой хийх ажил байгаа.
Өмнөх Засгийн газрын үед Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон хуулиас гадна хайгуул хийх боломжтой бүх талбайг Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөд авчихсан байдаг юм билээ. Тэр тогтоолоо Засгийн газар хүчингүй болгоно. Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөрт тусгагдсан болохоор энэ тал дээр шуурхай ажиллаж байгаа. Гол нь Ашигт малтмалын хуулийннэмэлт өөрчлөлтбатлагдахыг хүлээж байсан юм.
Мөн хориг тавьсан хугацаанд урт нэртэй хууль гарсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг урт нэртэй хуулийн үйлчилж байгаа талбайд олгохгүй. Тэгэхээр урт нэртэй хуулийн үйлчлэх талбайг удахгүй тодорхой болгоно. Энэ дээр мөн Засгийн газар тогтоол гаргана. Энэ бүхнийг цэгцэлсний дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Энэ зундаа багтах байх.
Төрөөс хэчнээн хэмжээний газарт хайгуулын лиценз олгох боломжтой вэ?Оргил үедээ нийт нутаг дэвсгэрийн 45%-д тусгай зөвшөөрөл олгож байсан юм билээ. Одоо бол нутаг дэвсгэрийн 7% орчмыг л тусгай зөвшөөрөл эзэлж байна. Цөөнгүй лицензийн хугацаа дуусч байгаа болохоор цаашаа улам буурна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа талбай бол нийт нутаг дэвсгэрийн 1%-д ч хүрэхгүй байгаа.
Урт нэртэй хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гээд нийт газар нутгийн 70% орчим нь хамгаалалтад орсон. Үүнээс үлдсэнд нь л хайгуулын лиценз олгоно. Урт нэртэй хуулийн зураглал бараг бэлэн болчихсон байгаа.
Хайгуулын лицензийг хориглохоос өмнө жилдээ 500-600 сая долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт орж байсан тооцоо бий. Зөвхөн өрөмдлөг хийлгэхэд 300-400 тэрбум төгрөг зарцуулж байсан гэдэг. Лиценз олгохыг хориглосноос хойш энэ тоо огцом буурсан. Одоо бид эргээд сэргэх байх гэсэн найдлага тавьж байна.
Ямар тохиолдолд талбайг сонгон шалгаруулалтаар олгох вэ?Илрэцтэй талбайг сонгон шалгаруулалтаар олгоно. Цаад компанийн хөрөнгө санхүүгийн чадавх, техникийн хүчин чадал, аюулгүй ажиллагааны чадавхийг харах гээд зайлшгүй тохиолдлууд бий.
Үүнтэй холбоотой ямар нэг журам гарах уу?Гарна. Журам бэлэн болчихсон байгаа. Хууль хүчин төгөлдөр болсны дараа эдгээр журмыг хуульд нийцүүлж, Хууль зүйн яамд бүртгүүлэх ажил хийгдэнэ.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөн батлагдлаа. Энэ хуулийн гол өөрчлөлт юу байв?Газрын тосны хууль шинэчлэгдсэн. Гол нь төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, гэрээлэгч нарт сонголтнэлээд бий болгосон. Уламжлалт бус газрын тос буюу шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, битум дээр цоо шинэ эрхзүйн орчныг бий болголоо. Урьд нь тусгай зөвшөөрлийн төлбөр, орлогын албан татвар аваад бүтээгдэхүүнээ хуваадаг байсан бол одоо орлогын албан татваргүй болгож байна. Роялти төлөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хувааж авна. 3 давхар авдаг байсан татвар хураамжийг 2 болгосон гэсэн үг.
Мөн боловсруулах үйлдвэр болон уламжлалт бус газрын тос дээр эхний 5 жилд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж өгч байгаа.
С.Болд-Эрдэнэ