Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв

Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ, Хятадын нөхцөл байдал харьцангуй сайжрах төлөвтэй байгааг мэдээлмэгц хүрэн металын ханш зах зээлд өсөх эрчмээ авч эхэллээ. Энэ сарын 4-ний байдлаар нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр 7180 долларт хүрчээ. Эрдсийн шинжээчид зэсийн үнэ ийнхүү өсч байгааг зөвхөн голлох эдийн засагтай орнуудын төлөв сайжирч байгаагаас гадна уг металын нөөц багассан нь ч нөлөөлсөн гэж үзэж байна.

Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны бирж дээр зэсийн нөөц 156.5 мянган тонн байсан нь оны эхэнд нөөцийн үзүүлэлт 365 мянган тонн байснаас хавьгүй бага дүн юм. Жилийн өмнө уг үзүүлэлт 700 гаруй мянган тонн байжээ. Энэ жилийн хувьд Хятадын зэсийн эрэлт өнгөрсөн онтой харьцуулахад 5.5%-иар өснө гэж Macquarie банк тооцоолжээ. Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт өнгөрсөн сард энэ оны хамгийн дээд хэмжээндээ хүрснээс гадна, 5 дугаар сарын экспортын хэмжээ нь ч нэлээд өссөнийг мэдээлсэн юм. Түүнчлэн тус улс банкны нөөц хөрөнгийн хэмжээг танах алхам хийсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлээд байна. АНУ-ын ажлын байрны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь ч металын үнийн өсөлтөд нөлөөлжээ.

Зэсийн үнэ сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 7%-иар өссөнийг олон улсын хэвлэлүүд ийнхүү онцолж байна. Macquarie банкны аж үйлдвэрийн металын зах зээл шинжээч Вивиенне Ллойд “Хөрөнгө оруулалтын сангууд аж үйлдвэрийн металд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй нь уг металын зах зээл сэргэхэд нөлөөлж байна.” гэж тайлбарлажээ. Зөвхөн зэс гэлтгүй никель, цайр, хар тугалга, хөнгөн цагааны үнэ зах зээлд “чангарч” буй юм.



Б.Төгс