“Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх улирлаас 36%-иар өссөн үзүүлэлт юм. Үйлдвэрлэсэн зэсийн баяжмалд 36.2 мянган тонн зэс, 113 мянган унци алт, 229 мянган унци мөнгө багтжээ.
Мөн 2 дугаар улиралд “Оюутолгой” ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалт эрс нэмэгджээ. Нийт 51.6 мянган тонн зэс, 126 мянган унци алт, 309 мянган унци мөнгө бүхий баямжмал борлуулжээ. Хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн болон борлуулсан зэсийн баяжмал дахь алт, мөнгөний агуулга нэлээд нэмэгдсэн байна. Ингэснээр тус компани энэ оны эхний хагас жилд 61.5 мянган тонн зэс, 179 мянган унци алт, 391 мянган унци мөнгө бүхий 242.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 64.7 мянган тонн зэс, 154 мянган унци алт, 387 мянган унци мөнгө бүхий баяжмал экспортолсон байна. “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Кей Престли “Тээвэр логистикийн үйл ажиллагаа сайжирснаар борлуулалт 2 дугаар улиралд нэмэгдлээ. Энэ улиралд борлуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс давсан нь агуулх дахь нөөц буурахад нөлөөллөө” хэмээн онцолжээ.
“Туркойз Хилл Ресурс” компани эхний
хагас жилийн дэлгэрэнгүй тайлангаа ирэх сард гаргах юм байна.
С.Болд-Эрдэнэ