Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдаа 54 сая долларын ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг гаргасан байна. Өнгөрөгч 6 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 54 сая долларын ашигтай гарчээ. 2011 оноос хойш сүүлийн 42 сарын хоёрхон сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард 10 сая долларын ашигтай гарч байсан юм. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6 дугаар сард өмнөх сараас 25.1%-иар өсч, 495 сая долларт хүрсэн нь гадаадын худалдааны тэнцэл ашигтай гарахад гол нөлөөг үзүүлсэн байна.

Харин эхний хагас жилд гадаад худалдаа 5.1 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 156 сая долларын алдагдалтай гарчээ. Эхний хагас жилд импорт 2.6 тэрбум доллар болж, өмнөх оны үеэс 14.1%-иар буурсан бол экспорт 2 тэрбум 480 сая долларт хүрч, 22.6%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг буюу 2 тэрбум долларыг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үед эрдэс бүтээгдэхүүний экспорт 80%-ийг эзэлж байжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 430.6 сая доллар буюу 26.6%-иар өссөн байна.

Импортын гол жинг бүрдүүлдэг автобензиний импорт 187.5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 4.7%-иар өсчээ. Харин үнийн дүн нь 201.5 сая доллар болж 4.5%-иар буурав. Дизель түлшний импортын биет хэмжээ 295.5 мянган тонн болж 12.2%-иар, үнийн дүн нь 94.1 сая доллар буюу 23.8%-иар буурч 300.8 сая доллар болжээ.

Харин эрчим хүчний экспорт 791.8 сая квт.цаг бол 2.1 дахин, үнийн дүн нь 80 сая доллар болж 2.4 дахин нэмэгдсэн байна.


С.Болд-Эрдэнэ