Ашигт малтмалын газраас “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг боловсруулж, “Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартыг 5 дугаар сарын 29-нд Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталжээ. Уг стандарт өнгөрсөн сарын 12-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.
Нүүрсийг антрацит, чулуун нүүрс, хүрэн нүүрс гэж төрлөөр нь гурав хуваасан бол чанараар нь 17 ангилсан байна. Тухайлбал чулуун нүүрсийг тарчиг нүүрс, тарчиг сул бөсөх нүүрс, коксжих нүүрс, 1/3 коксжих нүүрс, тослог нүүрс гэх мэтээр 12 ангилжээ.
Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг боловсруулахад нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусгасан байна. Мөн Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудтай харьцуулан судалж, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан хэмээн АМГ-аас мэдээлжээ.
Нүүрсний ангилал, стандарттай болсноор нүүрсний олборлогч экспорт компаниудын борлуулалтын үнэ, экспортын үнийг зөв, зах зээлийн бодит үнээр тогтоох боломжтой болж байгаа юм. Уг стандартыг
эндээс үзнэ үү.
С.Болд