Хятад нүүрснээс шатахуун, байгалийн хий гаргах чухал бус төслүүдийн хөрөнгө оруулалтыг хумих бодлого барьж эхэлснийг тус улсын Үндэсний эрчим хүчний газар мэдэгджээ. Энэ хүрээнд жилдээ 2 тэрбум куб метрээс ихгүй байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс хийжүүлэх, нэг сая тонноос ихгүй хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийг хориглохоор болжээ. Харин үүнээс илүү хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд Төрийн зөвлөл, Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай юм байна.
Одоогийн байдлаар тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 70%-ийг нүүрсний эх үүсвэрээр бүрдүүлж буй нь хөгжингүй улс орнуудаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төсөл нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй болохыг Үндэсний эрчим хүчний газар онцолжээ.
Хэдийгээр тус улсын зарим муж энэ чиглэлийн төслийн хөрөнгө оруулалтыг ихээхэн урамшуулж буй ч, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үр ашгийг үл анзаарсан харалган байдал бас байгааг тус газар тэмдэглэсэн байна.
Тун удахгүй Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх төслийг хөгжүүлэх тухай удирдамжийн баримт бичгийг гаргах ажээ.
Тус улсын нүүрс хийжүүлэх эхний төслийг 2009 онд Өвөрмонголд хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү үйлдвэр нь 4 тэрбум куб метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Бээжин хотын хийн хэрэглээний хагасыг хангах төлөвтэй байна. Төслийн эхний үе шат өнгөрсөн оны сүүлээр хэрэгжиж дуусчээ. Хятадад одоогоор Шинжаан Уйгур, Шанси болон бусад мужид хэд хэдэн нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж буй юм. Өнгөрсөн оны байдлаар Хятадын байгалийн хийн нийт хэрэглээ 170 тэрбум куб метр байсан бөгөөд 2020 онд хийн нийлүүлэлтийг 420 тэрбум куб метрт хүргэх том зорилт дэвшүүлжээ.
Байгалийн хийн хэрэглээ нь Хятадын хувьд агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах гол хувилбар болж буй тул эрчим хүчний бодлогод томоохон байр суурь эзэлж буй юм.
Манай улсын хувьд
Хятадын Sinopec компанитай
хамтран жилд 15 тэрбум куб метр байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай цогц
үйлдвэрийн төслийг 30 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар барьж байгуулах
санамж бичгийг өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хятадад хийсэн албан
ёсны айлчлалаар үзэглэсэн билээ.
Б.Төгс