Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тогтворжуулалтын сангийн орлого 5.8 тэрбумаар давж биелэв

Сангийн яамны мэдээлж буйгаар энэ оны эхний хагас жилд Тогтворжуулалтын санд 20.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 538 сая төгрөгөөр өссөн дүн юм. 2014 онд Тогтворжуулалтын санд нийт 29.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр хуульчилсан. Үүнээс эхний хагас жилд 14 тэрбум 538 сая төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөө 40.3%-иар даван биелж, 20.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Тогтворжуулалтын санд олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлдөг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигласны төлбөрийн тодорхой хувийг төвлөрүүлдэг. Эхний хагас жилд Тогтворжуулалтын сангийн орлого 40.3%-иар даван биелэхэд Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 9.2 тэрбумаар буюу 242%-иар нэмэгдэж 15.8 тэрбум төгрөг болсон нь голлон нөлөөлжээ. Уг татвараас энэ жил 13.1 тэрбум, эхний хагас жилд 6.5 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан юм.

Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 4.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 42.5%-иар дутсан байна. Өнгөрсөн оны мөн үед 5.3 тэрбум төгрөгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр төвлөрүүлж байсан бол энэ оны эцэст 16.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоотой юм.


С.Болд