Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Freeport Индонезийн уурхайнхаа зэсийн экспортыг үргэлжлүүлнэ

Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Freeport McMoran компани ирэх 8 дугаар сараас эхлэн зэсийн баяжмал экспортлохоор тус улсын Засгийн газартай өнгөрсөн баасан гаригт тохиролцжээ. Хоёр тал 6 сар удтал хэлэлцсэний эцэст ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ. Индонезийн Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн эрдэс бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргахыг хориглоод байгаа юм. Энэхүү хориг нь тус улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй эрдсийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогын хүрээнд хэрэгжиж буй алхам юм. Шинэ дүрмийн дагуу компаниуд 2016 он гэхэд боловсруулах үйлдвэр байгуулах үүрэгтэй бөгөөд тэр хүртэл түүхий эдээ 25-60 гаруй хувийн экспортын татвар төлж гаргах ёстой ажээ. Энэ жил татварын хэмжээ 25% байгаа бол ирэх жилүүдэд шат дараатайгаар нэмэгдсээр дээд хэмжээндээ хүрэх юм. Харин Freeport-ын тухайд тус компани экспортын татвар төлөхөөс татгалзахын сацуу үйл ажиллагаагаа зогсоож магадгүй байсан ч ийнхүү талууд шинэ тохиролцоонд хүрчээ. Чухамдаа Индонезийн Засгийн газар илүү уян хатан арга ухаанаар Freeport-ыг “буулгаж авлаа”. Тохиролцооны дагуу Freeport экспортын 25%-ийн татвар бус, 7.5%-ийн хураамж болон бусад төлбөрийг төвлөрүүлэх юм байна. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэрийн ажлын биелэлт 30%-иас давмагц экспортын татварыг тэглэх ажээ. Мөн Freeport Индонезид бүртгэлтэй өөрийн компанийн 20%-ийг ойрын жилүүдэд орон нутгийн хөрөнгө оруулагчдад худалдах юм.

Хэрэв тус улсын Засгийн газар Freeport-той хийсэн гэрээгээ 20 жилээр сунгавал тус компани Грасбэрг уурхайд 7.1 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буй ажээ.


Б.Төгс