Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадын аж үйлдвэрлэл үргэлжлэн өсч байна

Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Manufacturing PMI өнгөрсөн 7 дугаар сард 51.7-д хүрч, сүүлийн хоёр жил гаруй хугацааны дээд хэмжээнд хүрчээ. Энэ тухай тус улсын Статистикийн үндэсний газар, Хятадын логистик, худалдааны холбоо мэдэгдсэн байна. Өнгөрсөн 6 дугаар сард уг үзүүлэлт 51 байсан юм. Ийнхүү Хятадын аж үйлдвэрлэл өссөнөөр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт тогтворжиж байна гэх ойлголт шинжээчид, хөрөнгө оруулагчдын дунд түгээд буй юм.

Тус улсын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт өсөлттэй байгаа нь Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах зөв бодлого болон гадаад нөхцөл байдал сайжирч буйтай холбоотой гэж тус улсын Статистикийн үндэсний газрын шинжээч Зао Цинхэ тайлбарлаж байна.

Оны эхний зургаан сарын байдлаар Хятадын төсвийн зарлага жилийн өмнөхөөс бараг 16%-иар нэмэгдэж, 7 их наяд орчим юань буюу 1.12 их наяд ам.долларт хүрчээ. Тодруулбал тус улсын Засгийн газар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн сацуу зээлийн боломжийг сайжруулж буй юм.

Энэ оны 2 дугаар улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7.5%-д хүрсэн нь 1 дүгээр улирлын 7.4% бүхий өсөлтөөс нэмэгдсэн дүн гарсан юм.



Б.Төгс