Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана

ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.

Нөгөөтэйгүүр Европын комиссийн Дэд ерөнхийлөгч бөгөөд эрчим хүч хариуцсан комиссар Гюнтер Эттингер эрчим хүчний шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зэхэж буйгаа мэдэгдсэн юм. Энэ хүрээнд 2020 он гэхэд Европын холбооны байгалийн хийн импортыг 30%-иар багасгахаар төлөвлөжээ. Мөн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20%-иар нэмж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 20%-иар тус тус бууруулах ажээ.

Гюнтэр Эттингер ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новактай эрчим хүчний нөхцөл байдлыг энэ сарын сүүлээр буюу 29-нд уулзаж ярилцахаар төлөвлөөд байна. Гэхдээ уулзалт хаана болохыг зарлаагүй байгаа ажээ.

Анх 2006 онд “Газпром” Украйнтай байгалийн хийн худалдааны өрийн асуудлаар маргаан үүсгэж байсан бөгөөд 2009 онд хийн нийлүүлэлтээ зогсооход хүрч байсан билээ. Энэ нь улмаар Европын холбооны эрчим хүчний аюулгүй байдалд гэнэтийн цохилт болж байсан юм. Уг явдлаас сургамж авсан Европ өмнөх байдлаа давтахыг хүсэхгүй байгаа нөхцөлд хоёр улс хэрхэн яриа хэлэлцээр өрнүүлэх нь ихээхэн сонирхол татаж байна.

 

Б.Төгс