Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 дахин өсч 703.9 мянган тонн болсон бол экспортын орлого 2.5 дахин өсч 1.186 тэрбум доллар болжээ. Энэ өсөлт нь “Оюутолгой” ХХК-ийн экспорт өсч, хэвийн үргэлжилж байгаатай холбоотой аж. Зэсийн экспорт нийт экспортын 40%-ийг бүрдүүлж байгаа юм.
Нүүрсний экспортын биет хэмжээ 25.8% буюу 2.1 сая тонноор нэмэгдэж, 10.4 сая тонн болсон ч үнийн дүн нь 16.1%-иар буюу 96 сая доллараар буурч, 499.6 сая доллар болжээ. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч үнэ буурснаас үүдэн орлого нь буурсаар байна.
Газрын тосны экспортын биет хэмжээ 1.1 сая баррелиар өсч, 3 сая 780 мянган баррелд хүрсэн бол экспортын орлого 52.4 %-иар буюу 130 сая доллараар нэмэгдэж 380.2 сая долларт хүрчээ.
Харин төмрийн хүдрийн экспортын хэмжээ 500 мянган тонноор багасч 3 сая тонн, үнийн дүн нь 37%-иар буурч 239.5 сая доллар болжээ.
Алтны экспорт ч мөн адил 1.5 тонноор буурч, 3.2 тонныг экспортолжээ. Экспортын орлого нь 32%-иар буурч 132.3 сая доллар болов.
Эхний 7 сард бохир ноолуурын экспорт нэмэгдэн, нийт
экспортын 7%-ийг
бүрдүүлжээ. Хэдий бохир ноолуурын экспортын биет хэмжээ 3%-иар буурсан ч
үнийн дүн нь 17%-иар өсч,
203 сая доллар болсон байна.
С.Болд-Эрдэнэ