Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Macquarie: Монгол нүүрс зах зээлд өрсөлдөж чадахгүй

Коксжих нүүрсний зах зээл урт хугацаандаа харьцангуй сэргэх төлөв харагдаж байгаа ч түүнд харшлах олон хүчин зүйл байгааг зах зээл судалгааны байгууллага Macquarie үзэж байна. Тэдний тооцоолж байгаагаар энэ жил коксжих нүүрсний дэлхийн зах зээл дэх дундаж үнэ нэг тонн нь 127 ам.доллар, 2015 онд 131 ам.доллар байхаар байна. Эдгээр таамаг тус байгууллагын өмнө нь гаргасан үнийн урьдчилсан төлвөөс буурсан үзүүлэлт юм. Энэ жилийн эхний хагасын байдлаар Хятадын коксжих нүүрсний импортын түвшин өмнөх оны мөн үеийнхээс даруй 12%-иар буураад буй ажээ. Түүнчлэн зах зээлийн ийм таагүй нөхцөлд Монголын коксжих нүүрсний компаниуд өрсөлдөх чадамжгүй байгааг Macquarie онцолжээ. Монголын коксжих нүүрсний экспорт оны эхний хагаст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 38%-иар буурчээ. Тэд энэ байдлыг коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлт буурахад нөлөөлж, улмаар үнэ өсөхөд түлхэц болно гэж харж байна.

Нөгөөтэйгүүр Хятадын гангийн үйлдвэрлэл сэргэх хандлагатайн зэрэгцээ үйлдвэрүүдийн агуулах дахь коксжих нүүрсний нөөц 2012 оны сүүлээс хойшхи хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрээд буйг Macquarie тэмдэглэжээ. Тиймээс ойрын хугацаанд коксжих нүүрсний татан авалтаа үйлдвэрүүд хийж эхлэх болов уу гэсэн таамаг байна.

Үүний зэрэгцээ коксжих нүүрсний томоохон ордын төсөл ойрын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих магадлал тун бага байгаа нь нийлүүлэлтийг хазаарлах бас нэгэн нөхцөл болж буй юм. Түүнчлэн нүүрсний нийлүүлэлт тогтвортой бус байхаар байгаа нь зах зээлийг урт хугацаандаа сэргэж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх үндэс болж буй ажээ. Томоохон компаниуд уурхайн үйл ажиллагаагаа хумиж эхэлснээр барахгүй зарим нь бүр зогсоож ч магадгүй байна.

АНУ-ын нийлүүлэлт ерөнхийдөө буурах төлөв гарчээ. АНУ-ын нийлүүлэлт эрчимтэй хэвээр байгаа ч удахгүй “суларна” гэсэн таамаг дэвшүүлж буй юм. Гол эрэлтийг бүрдүүлэгчдийн нэг болох Энэтхэгийн хэрэглээ буурч, нүүрсний үнэ өсөх эрчмийг сулруулж болзошгүйг ч тэд тайлбарлажээ.  Хэдийгээр Энэтхэгийн коксжих нүүрсний импорт өнгөрсөн оныхоос 11%-иар өсөөд буй ч гангийн үйлдвэрлэл нь буурч буй тул удахгүй өсөлтийн хурдац саарахаар байна.

АНУ-ын нүүрсний магнат Peabody Австрали дахь Burton уурхайнхаа үйл ажиллагааг жилд 1.5 сая тонноор бууруулсан нь нийлүүлэлт илүүдэж буй энэ үед бас олзуурхууштай хэрэг болж байна. Гэхдээ үүний хажуугаар зах зээл дэх гол тоглогч Австралийн компаниуд нүүрсний нийлүүлэлтээ Хятадын зах зээлд урьдны байр сууриа эзэлтэл бууруулахгүй гэсэн үндэслэлийг Macquarie судалгаандаа мөн дэвшүүлжээ.


Б.Төгс