Тавантолгойн Зүүн цанхид гэрээт олборлогчоор ажиллаж буй Макмахон компани үйл ажиллагаагаа зогсоосноо өнөөдөр мэдэгдлээ. Учир нь гэрээний хүрээнд тус компанид төлөх ёстой төлбөрөө Эрдэнэс Тавантолгой компани олгоогүй байгаа ажээ. Энэхүү төлбөрийн хэмжээ одоо 22 сая долларт хүрчээ. Нөгөөтэйгүүр хоёр компанийн хооронд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа тул Эрдэнэс Тавантолгой компани гэрээт олборлогчийн үйлчилгээг авахаа зогсоогоод буй ажээ. Яг хэдийгээр үйл ажиллагааг эхлүүлэх талаар Макмахон мэдэгдээгүй ч энэ жилийг дуустал олборлолтын ажил хийхгүй болохыг мэдэгджээ. Одоогоор талууд хоорондын үүсээд буй өр төлбөр болон бусад асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцох яриа хэлэлцээр өрнүүлж буй ажээ.
Макмахон нь 2012 оны 2 дугаар сараас хойш Зүүн цанхийн уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж буй бөгөөд гэрээний хугацаа нь 2017 онд дуусах юм. Хоёр компани 500 сая долларын гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд жилд дээд тал нь 15 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөөд буй юм.
Б.Төгс