Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн дээр хоёр улс уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, худалдаа болон бусад чиглэлд түүхэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж чадлаа.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний өчигдөр эхэлсэн Монгол улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү айлчлалыг хоёр улсын тал түүхэн ач холбогдолтой хэмээн онцолж буй юм.
Олон улсын хэвлэлүүдээр Хятадын Ерөнхийлөгч Монгол руу тусгайлан зориулж өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж буй нь уг айлчлалд ихээхэн ач холбогдолтойгоор хандаж буйн илэрхийлэл гэж тайлбарлаж байна.
Өчигдөр хоёр улсын ерөнхийлөгч нар Монгол, Хятадын иж бүрэн түншлэл байгуулах хүрээнд нийтдээ 24 гэрээ хэлэлцээр үзэглэх ёслолд оролцсон юм. Монгол, Хятадын иж бүрэн түншлэлийн тунхаглалд хоёр улсын ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа хоёр хөршийн холбогдох төлөөллүүд хэлэлцээрүүдийг үзэглэсний дунд транзит тээврийн хэлэлцээр багтсан нь Монголын экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.
Эдгээр гэрээ хэлэлцээр дунд хоёр улсын хооронд он удаан жил яригдсан дамжин өнгөрөх тээврийн асуудал багтсан байсныг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэсэн юм.
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замыг Хятад улс ямагт хүндэтгэхээ илэрхийлэхийн сацуу Монголын транзит тээвэр хийх асуудлыг дэмжин ажиллах болно гэдгийг бататгаад хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэдгийг илэрхийлсэн юм.
Транзит тээврээс гадна, Хятадын зүүн хойд болон хойд хэсгийн 8 боомтыг ашиглах гэрээ хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Яг аль боомтыг ашиглах талаар тодорхой мэдээлэл гараагүй ч, Тяньжин, Далиан, Жинзоугийн боомт энэ дунд бий гэсэн албан бус мэдээ байна.
Гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсыг хоёр хөрштэйгээ транзит тээвэр хийх хэлэлцээр хийгээгүйн зэрэгцээ, далайн боомтыг нь ашиглах бололцоо муутай гэж шүүмжилдэг асуудалд цэг тавих эхлэл ийнхүү тавигдлаа.
30 тэрбум долларын нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Мөн түүнчлэн нүүрсний гүн боловсруулалт, газрын тосны салбар, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн нь хоёр талд ихээхэн ашигтай хэлэлцээрүүд болж байна.
Хятадын хэвлэлүүд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх санамж бичгийг хоёр тал байгуулсан явдлыг 30 тэрбум долларын нүүрс хийжүүлэх төслийг урагшлуулах алхам болсныг тэмдэглэж байна. Мөн эрдэс баялаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүжилт бүхий хамтын ажиллагаа өрнүүлснээр Монгол улсын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлэх саналыг Хятадын Ерөнхийлөгч тавьсныг эшилсэн байна.
Монгол улсад уул уурхайн салбар хөгжиж буй ч, зах зээлийн таагүй байдал, бусад гадаад хүчин зүйлийн улмаас эдийн засаг ихээхэн тогтворгүй болж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш уруудсаар буй энэ цагт олон чухал гэрээ хэлэлцээрт Монгол, Хятадын тал үзэглэсэн нь зөвхөн “гал унтраах” төдийхөн бус, харин ч үндэс суурь мэт нөлөөтэй үйл хэрэг болж байна гэхэд хилсдэхгүй юм.
Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж байсанчлан 2-3 тэрбум доллартай тэнцэхүйц томоохон зээл, санхүүжилтийн гэрээ айлчлалын үеэр хөндөгдсөнгүй. Энэ талаар ч эдийн засагчид зөв, буруу хэмээн эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Харин хоёр улсын хөгжлийн банк хооронд 8 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй 162 сая долларын арилжааны зээлийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд олгохоор боллоо.
Бас нэг чухал зүйл бол хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай орноос 220 оюутан Хятадын Засгийн газрын санхүүжилтээр тус улсад суралцдаг тоог ирэх таван жилд жил бүр 1000 болгож нэмэгдүүлэхээр болсон юм. Энэ нь Монгол улсад салбар салбарын боловсон хүчнийг бэлтгэж, чадавхижуулахад ихээхэн түлхэц болох нь дамжиггүй юм.
Өнгөрсөн 2013 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 6 тэрбум орчим долларт хүрчээ. Хятад улс нь одоогийн байдлаар Монголын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манайд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалт бүхий нийт аж ахуйн нэгжийн 49.4%, нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 48.8% нь урд хөршид ногдож байна.
Гэхдээ ирэх жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэх, Монголын талын экспортын бүтээгдэхүүнийг дэмжих чухал яриа хэлэлцээрийг уг айлчлалаар баталгаажууллаа.
Хятад улсын эдийн засгийн шинэчлэлийн үед уг айлчлал болж буй нь айлчлалыг илүү онцлог болж буйг илтгэнэ. Монголтой харилцаагаа гүнзгийрүүлэх бодлого Хятадын тэргүүн зорилгод багтаж буйг энэхүү айлчлалаараа Хөрш орны ерөнхийлөгч Си Жиньпин тодорхой харуулж байна. Хятад улс зөвхөн өөрөө ганцаараа хөгжөөд зогсохгүй хөрш орнуудаа мөн адилхан хөгжүүлэх нь зөв хөгжлийн үндэс гэдгийг сүүлийн жилүүдэд мэдэгдэх болсон. Яг энэ мэдэгдлийн өнгө аяс уг айлчлалаар мэдрэгдэж буй ч нөгөө талаар Хятадын эдийн засгийн ашиг сонирхол Монголтой ихээхэн холбогдож байгаа нь улам бүр илэрхий болж байна. Өөрөөр хэлбэл Монгол бол Хятадын хувьд боломжийн “шар тос” өгөхүйц хамтрагч болох боломжтой гэж тус улс харах болсныг уг айлчлал баталлаа.
Б.Төгс