Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.
Энэ дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч ажлын явц зогсонги байдалд ороод байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2010 оны 12 дугаар сард зарлаж 15 компани санал ирүүлснээс 6 компанийг хураангуй жагсаалтад шалгаруулжээ. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар Шинхуа, Пийбоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсныг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаа тодорхой үр дүнгүй өдийг хүрсэн юм.
Иймд энэ оны 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан. Үүний дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Тодруулбал "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргалаа. Уралдаант шалгаруулалтыг 11 дүгээр сарын 1-ний дотор хийж дүгнэн, шалгарсан хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулахаар боллоо. Ингэснээр ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.