Өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр “Саутгоби Ресорсез” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өр төлбөрөө барагдуулах чадамжгүй болсон тул хяналтын багцыг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” компаниас санхүүгийн тусламж авахаар болсноо зарласан. Энэ хүрээнд Turquoise 10 сая долларын зээл олгохоор болсон билээ.
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар “Саутгоби Ресорсез” компани энэхүү зээлийн хөрөнгийн 3.8 сая долларыг зарцуулаад байсан бөгөөд 9 сая доллар бүхий бэлэн мөнгөний хөрөнгөтэй үлджээ. Turquoise-оос олгосон зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь өнгөрсөн сарын 30-наар дуусгавар болсон юм. Гэхдээ Turquoise Hill Саутгобид өрөө барагдуулах хугацааг нь түр хойшлуулсан байна. Тодруулбал 1.9 сая долларын багцыг Саутгоби энэ оны 12 дугаар сарын 31, дараагийн 1.9 сая долларын багцыг ирэх оны 3 дугаар сарын 31-нд төлж барагдуулж дуусах ёстой юм байна.
Turquoise Hill компани нь тус компанийн 56%-ийг эзэмшдэг бөгөөд Хонконгийн биржид бүртгэлтэй “National United Resources” компанид өөрийн эзэмшлийн тал хэсгийг” (29.95%) 25 сая гаруй канад доллараар худалдаалахаар тохиролцсон билээ. Уг арилжааг энэ оны 11 дүгээр сарын сүүл гэхэд эцэслэх юм.
“Саутгоби Ресорсез” компанийн тооцоолж байгаагаар энэ онд
Хятадын зах зээлд нүүрсний үнэ төдийлөн сайнгүй хэвээр байх төлөвтэй байгаа юм.
Коксжих нүүрсний үнэ энэ оны байдлаар 16%-иар буураад байна. Тус компани 2014
онд санхүүгийн хувьд тогтвортой байх баталгаагүй байгааг тэмдэглэжээ. Иймд тус
компани өөр санхүүгийн эх үүсвэр, нүүрсний борлуулалтын урьдчилсан төлбөрийн
тохиролцоо хийх боломжийг эрэлхийлэхийн сацуу үйл ажиллагааны зардлаа танахаар
хичээж байгаа ажээ.
Б.Төгс