Оюутолгой төслийн далд уурхайн
санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс
Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын
үеэр мэдээллээ. Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд далд уурхайн
ТЭЗҮ-ийг батлах ёстой. “Бид далд уурхайн ТЭЗҮ-ийг байнга нэхэж, яаралтай
батлуулахыг хөрөнгө оруулагчдаас шаардаж байгаа” хэмээн Д.Ганболд захирал нэмж
хэлсэн юм.
“Рио Тинто” компани далд уурхайн ТЭЗҮ-ийг өнгөрсөн 6 дугаар сарын 31-нээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж байсан ч хойшлуулсан. Монголын Татварын албанаас тус компанийн 2010-2012 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, нийт 120 сая долларын татварын акт тавьснаа зарласан билээ. Энэхүү татварын асуудлыг шийдтэл далд уурхайн ТЭЗҮ-ийг хойшлуулснаа “Туркойз Хилл Ресурс” компани мэдээлсэн. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд энэ талаар “Аль ч улсад татварын албатай маргаангүй ажилладаг аж ахуйн нэгж байдаггүй байх. Бүгд л их бага хэмжээгээр маргалдаж байдаг. Татварын маргаан бол Татварын албатай холбоотой тусдаа асуудал” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дашрамд дурдахад өнөөдөр “Оюутолгой”
ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ