“Tuul River country club”-д 6 дугаар сарын 28-ны өдөр “Miners Charity Golf tournament” буюу “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Одоогоос 4 жилийн өмнө анх “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани санаачлан тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон юм.
Уул уурхайн компаниудын оролцдог энэхүү тэмцээнээс олсон орлогыг буяны үйлст зориулдаг онцлогтой. Нийгмийн хариуцлага талаасаа хандивын үйл ажиллагаа болгон зохион байгуулахаас гадна харилцагч компаниудын төлөөллүүдийг хооронд нь уулзуулах боломжийг олгох зорилготой.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компани нь хэрэгцээ, шаардлагатай маш олон байгууллагыг судалсны үндсэн дээр хандиваа өгдөг байна. Зүгээр мөнгө хандивлахаас илүүтэй бодит зүйл болгон үлдээхийг тэд зорьдог. Тодруулбал, арга хэмжээг зохион байгуулсан анхны жил хүүхдийн асрамжийн “Лотус” төвийн байрны барилгын ажилд хандив өгч байжээ. Хоёр дахь жилд нь Улсын хүүхдийн асрамжийн “Өнөр бүл” төвийн урлаг, уран сайхны ангийг бүрэн тохижуулсан байна. Өнгөрсөн оны тэмцээний хандивыг Эх нялхсын төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн тохижилтод зориулсан аж. Тохижилтын ажлыг “Вагнер Ази” компанийн өөрсдийн барилгын засварын баг хийж гүйцэтгэжээ. Энэ жилийн хувьд Үндэсний хавдар судлалын төвийн шинээр байгуулагдаж байгаа Туяа эмчилгээний 2 дахь тасгийн тохижилтод хандиваа зориулахаар төлөвлөжээ.
“Вагнер Ази” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Б.БАТТөР:Тэмцээнээ “Уурхайчдын хандивын тоглолт” гэж бид өөрсдөө нэрлэдэг. “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн харилцагч уул уурхайн компаниуд оролцдог. Ихэнхдээ уурхайдаа ажиллаж, цаг зав багатай байдаг “уурхайчдыг” амралтын нэг өдөр уулзуулж танилцуулах, гольфоор хичээллэдэг бол хоорондоо тоглох боломжийг олгодог онцлогтой арга хэмжээ юм. Харин тэмцээн маань хандивын гэсэн тодотголтой. Өөрөөр хэлбэл, баг тус бүрээс ирсэн төлбөрийг буяны тодорхой үйлст зориулдаг. Энэ жил багуудаас нийт 10 сая төгрөг цугларсан байна. Энэ жилийн хувьд уул уурхайн салбар төдийлөн сайнгүй байгаа учир өнгөрсөн тэмцээнүүдтэй харьцуулахад оролцогч багуудын тоо цөөрсөн. Гэсэн ч энэхүү арга хэмжээг дэмжин тогтмол оролцдог багууд маань энэ жил оролцсон хэвээр байна.
Эдийн засагч Д.ЖАРГАЛСАЙХАН:“Монголын уул уурхайн компаниуд нийлж гольфын тэмцээн зохион байгуулан, арга хэмжээнээс олсон орлогыг буяны үйлст хандивладаг. Сайн үйлсийн хандивын тэмцээн учир би жил бүр оролцдог. Эдийн засгийн байдал сайн байхад “Вагнер Ази” компаниас зохион байгуулдаг хандивын энэ тэмцээнд олон баг оролцдог байлаа. Харин эдийн засаг таагүй энэ үед уул уурхайн 4-5 компани оролцож байна. Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь үндэсний компаниудын баг тамирчид их хүчтэй өрсөлдөж тэргүүн байрыг эзэллээ. Үүнээс харахад Монгол улсад гольфын спорт эрчимтэй хөгжиж, олон хүнд хүрч байна. Хэрэв хүүхдийг 4-5 наснаас нь гольфоор хичээллүүлэх юм бол Ази тивд төдийгүй дэлхийд монголчууд нэлээд өндөр амжилт үзүүлэх спорт гэж би хувьдаа бодож явдаг юм. Ер нь монголчууд хувь хүний спортод их чадварлаг. Байгальд хувь хүн өөртэйгээ тоглоод үр дүнг нь шууд хардаг учир гольф их сонирхолтой спорт юм. Миний хувьд гольфоор хичээллээд 10 шахам жил болж байна.
“Оюутолгой” компани Намайг Грег Кордс гэдэг. Би уг арга хэмжээнд “Оюутолгой” компанийг төлөөлж ирсэн. Бид “Вагнер Ази” компанийн зохион байгуулж буй сайн үйлсийн төлөөх гольфийн тэмцээнийг ивээн тэтгэж байгаадаа баяртай байна. Энэхүү арга хэмжээнээс олох орлогыг Монголын Үндэсний хавдар судлалын төвд хандивлах юм. “Tuul River country club” дээр гольфын тэмцээнд маш хүчтэй багууд өрсөлдлөө. Манай хамт олон энэ өдөрлөг, тэмцээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна.”
“Miners Charity Golf tournament 2014” тэмцээнд “Оюутолгой”, “Лейтон”, “Энержи ресурс”, “Хишиг-Арвин индустриал”, MNО, “MAXAM exploration”, “Вагнер Ази тоног төхөөрөмж” зэрэг компанийн нийт 8 баг өрсөлдсөн юм. Нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг тус бүр 1000 ам.долларын төлбөр төлдөг байна. Энэ жилийн тэмцээний хандивын санд нийт 10 сая төгрөг цугларчээ. Тэмцээний 1 дүгээр байрт “MAXAM exploration”, 2 дугаар байрт “Лейтон”, 3 дугаар байрт “Оюутолгой” компанийн баг тус тус шалгарсан юм. Мөн “Хамгийн хол цохисон” тамирчнаар “MAXAM exploration” компанийн багийн О.Оюунболд, “Нүхэнд хамгийн ойр цохисон” тамирчнаар Н.Цогт нар тодорчээ.