“Орхон Сэлэнгийн сав газрын том голуудын экологийн урсцыг тогтоох, ашиглалтын нөөцийг тодорхойлох” төслийг Усны судалгааны төв өнгөрсөн хоёр жилийн (2012-2013) хугацаанд хэрэгжүүлж дуусаад одоо БОНХЯ-д танилцуулах ажил үлджээ. Энэ нь Оюутолгой, Тавантолгой болон орон нутгийг усаар хангах томоохон төсөл болох “Орхон говь”-ийн хэрэгжилтэд бодитой зөвлөмж болох юм. Төслийн удирдагч профессор, Усны судалгааны төвийн захирал Н.Сонинхишигээс Орхон голын усыг ашиглах боломж, анхаарах шаардлагатай асуудлын талаар тодрууллаа. “Орхон говь” төсөл гадаргын усыг ашиглан Өмнийн говьд хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн усны хэрэглээг хангахад тун чухал үүрэгтэй. Үүний тулд эхлээд Орхон голын урсцыг тодорхойлох ажил их чухал. Та энэ төслийн талаар танилцуулахгүй юу?Энэхүү төслийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Монголын эрдэмтэд хамтарч хэрэгжүүлсэн. МУИС-ийн Усны судалгааны төв гардан “Орхон голын орчны урсац тогтоох” төслийг гүйцэтгэсэн. “Орхон говь” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг одоо “Усны үндэсний төв” компани хариуцан хийж буй. Бидний энэхүү ажил маань тусдаа төсөл боловч “Орхон говь”-ийн том төсөлд зориулан мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэгжих боломжийг нь судлахад маш дөхөмтэй ажил болсон.
Анх 2003 онд байгуулагдсан Судалгааны төв нь Монголын усны чиглэлийн мэргэжилтнүүдийг хамтатган ажиллах зорилгоор байгуулагдсан. Ерөнхийдөө усны чиглэл бол салбар дундын, тун өргөн хүрээг хамарсан салбар. Тус төв “Монголд усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх нь” төслийг Голландын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байсан.
Харин энэхүү Орхон, Сэлэнгийн сав газрын төсөл маань үндсэндээ Орхон голын хүрээлэн буй орчны урсцыг (орчны урсац) тогтоох явдал юм. Орчны урсцыг тогтоох ажил гэдэг нь нэг талаас экологийн тэнцвэр хадгалах, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн асуудлыг нэгтгэн зангидаж судалдгаараа онцлог юм. Бид усаа ашигламаар байна, гэхдээ яг хэдий хэмжээний усыг ашиглавал эдийн засаг, байгаль орчны талаасаа зөв шийдэл болж чадахыг тогтооход энэ ажлын зорилго оршино.
Урсцын хэмжээг дан ганц Байгаль орчны яам тогтоохгүй. Үүнд судлаачид төдийгүй жирийн иргэд хүртэл оролцох ёстой. Одоо бид судалгааны дүгнэлтээ Яаманд танилцуулна. Бүх талын оролцоо шаардлагатай гэсэн үг юм.
Уг төслийг ямар баг хэрхэн хийж гүйцэтгэв?Бид олон хүнтэй хамтарч ажилласан. Үүнд микробиологич, нийгэм, эдийн засгийн инженер, усны химич зэрэг олон мэргэжлийн хүмүүс оролцсон. Монголд анх удаа голын орчны урсцыг тодорхойлох төсөл хэрэгжүүлж, тэр дундаа Орхон голынхоо судалгаанд эрдэмтэд хамтарч ажиллалаа. Судалгааг хийхийн өмнө Дэлхийн банкны мэргэшсэн зөвлөхийг урьж, баг хамт олондоо сургалт явуулсан. Өнгөрсөн 5 дугаар сард тайлангийн маань үр дүн гарсан. Өмнөх оны 10 дугаар сарын сүүлээр усны эрдэмтдийг цуглуулан хийсэн ажлаа урьдчилсан байдлаар бид тайлагнасан. Одоо тэдний санал зөвлөмжийг тусгахын сацуу эрдэмтдийн эцэслэсэн дүгнэлтийг нэгтгэн Яаманд танилцуулах юм.
Бид Орхон голын Өвөрхангайн Бат-Өлзий сумаас Сэлэнгийн Сүхбаатар хүртэл нийт 7 цэгийг сонгон авсан. Энэхүү ажилд АНУ-ын Хойд Дакота-ийн Их сургуулийн Скотт Кеннер багш сайн дураараа зөвлөхөөр хамтран ажиллалаа. Манай багийн 11 нь эрдэмтэн, бусад нь оюутан. Үндсэндээ төсөл дээр 20 хүн ажилласан. Хамтарч ажилласан оюутнуудын гурав нь уг сэдвээрээ магистрийн зэрэг хамгааллаа.
Орхон голыг далангийн системээр ашиглахын тулд ямар асуудлыг зайлшгүй анхаарах ёстой вэ?Урсгалыг нь хэт ихээр ашиглах буюу “голыг командлах” байдал өмнө нь дэлхий нийтэд нэлээд түгээмэл байсан л даа. Ялангуяа барууны орнуудад нэлээд түгээмэл хандлага байснаа буруу болохыг одоо ойлгож эхэлж байна. Голын нийт урсцын 90%-ийг ашиглаад, үлдсэнийг хэвийн голдрилоор нь урсгахыг оролдож ирсэн гэсэн үг.
Төслийг ийм зарчмаар хэрэгжүүлсэн улс орнууд голын усыг хэтэрхий хайр найргүй ашиглах нь зохимжит үр дүнд хүргэхгүйг ойлгоод байгаа. Бид ч алдааг давтахгүй байх нь чухал.
“Орхон говь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд урсац нь хэр боломжтой вэ? Орхон голын хувьд маш өргөн урсацтай, Монголын хамгийн урт, том гол гэдгээр нь ард түмэн сайн мэднэ. Гэвч өнгөрсөн хугацаанд голын дундаж урсгал 3 дахин багассаныг бид олж мэдсэн. Тодруулбал өнгөрсөн 1978-1995 онд буюу хамгийн услаг жилүүдэд Орхон голын урсац 58 шоо метр/сек байжээ.
Харин үүнээс хойш буюу 1996-2008 онд урсцын хэмжээ ердөө 17.57 шоо метр/сек болсон байх юм. Орхон гол маань урьдныхаасаа гурав дахин, түүнээс ч илүү хэмжээгээр багассан. Аливаа голд суурь урсац гэж бий. Орхон голын маань суурь урсцын хэмжээ тун бага байгаа юм. Хамгийн гол нь манай эрс тэс уур амьсгалын онцлогоос хамааран усны урсцын хэмжээ тодорхой мөчлөгтэй дээшлэн, доошилдог.
“Орхон говь” төслийг хэрэгжүүлэхэд үүнийг зайлшгүй анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр, голын урсцын хэмжээ дээшилж доошлох мөчлөгийг бас шууд тогтоох боломжгүй. Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдаж буй нь энэхүү мөчлөгийн судалгааг хийхэд бүр хүндрэлтэй болгосон.
“Орхон говь” төслийг хэрэгжүүлэх боломжтой юу?Боломжтой. Бид усаа ашиглах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь тооцоогоо бодитой хийх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн “голыг командлах” байдлаар ашиглаж хэрхэвч болохгүй. Түүнчлэн “Орхон говь” төсөл маань тогтвортой усны эх үүсвэр болох боломжгүй байж мэдэхээр байна. Яг одоо Орхон голын урсцын хэмжээ дээшлэх мөчлөг явж байж болох юм. Төсөл хэрэгжиж, далан байгуулагдаад, улмаар дүүргэлт хийх үед урсцын хэмжээ бага байх эсэхийг бид давхар тооцоолох ёстой.
“Орхон говь” төслийн урьдчилсан танилцуулгаар 800 сая шоо метр ус хуримтлуулах 70 гаруй метр өндөр, 300 метр урт бетон боомт байгуулахаар төлөвлөсөн. Оюутолгой, Тавантолгой, түүнийг дагасан сум сууринг усаар хангах төлөвлөгөө нь бодит байдалтай хэр нийцэж байна вэ?Миний бодлоор, өмнөх судалгааг эргэж харахаас аргагүй. Нөгөөтэйгүүр энэхүү төслийг Дэлхийн банк хянаж буй. Тиймээс “Орхон говь” төслийн судалгааны эцсийн үр дүн нь бодит байдлаас төдийлөн зөрүүтэй гарахгүй болов уу. Учир нь тус банк олон жилийн турш цөөнгүй төслийн байгаль орчны судалгааг маш нарийн хянасны үндсэн дээр санхүүжүүлж ирсэн туршлагатай.
Тодорхой зүйл бол далангийн усыг дүүргэхэд нэлээд хэдэн жил болох нь тодорхой. Энэ хугацаанд орчны урсцын судалгаан дээр үндэслэн суурь урсцын хэмжээг алдагдуулахгүйгээр барьж байх нь чухал.
Үүнийг энгийнээр тайлбарлавал Орхон голын ногоон татам нь газар тариалангийн бэлчээр нутгуудийг хамарсан байдаг. Голын урсгал гэдэг тухайн сав нутгийн экологийн тэнцвэрийг шууд хангаж байдаг. Тиймээс бид голын урсцын 90%-ийг нь шууд авчихвал тэдгээр нутгийн үржил шимт байдал тэр даруйдаа алдагдана гэсэн үг. Өмнөх судалгаан дээр тооцоод нийт урсцын 90%-ийг ашиглана гэвэл урсац нь ердөө 0.6 шоо метр/сек болох юм.
Ерөнхийдөө, Орхон голыг загас, ойн шувуудын төрөл зүйлээр тандаж үзсэн. Орхоны модод хөгширсөн, өвчилсөн байна. Энэ нь тэнд маш их хуурайшилттай байгаагийн тод илрэл юм. Тэнд мал бэлчихдээ нялх мод ургах нөхцөлгүй болгож буйн зэрэгцээ, нас бие гүйцсэн моддын доод хэсгийн мөчрийг нүцгэртэл иддэг болох нь түгээмэл ажиглагдсан. Энэ нь тэнд бэлчээр хангалтгүй байгааг баталж буй юм.
Голын эрэг дүүрэх урсац гэж байдаг. Гольдрол тодорхойлох урсац гэж бас бий. Тэгэхээр бид Орхон голын урсцыг энэ үзүүлэлтээр ажиглан 2 жилд нэг удаа 8-10 хоног ахиу хэмжээний урсгалтай болгохуйц усыг далангаас гаргаж байх ёстойг олж мэдсэн. Бидний ажиглалтаар Орхон голын урсац ийм хугацаанд үерлэдэг байна. Иймд дор хаяж мөн хугацаанд нэг удаа дээд хэмжээний урсац буюу эрэг дүүрэх урсцыг өгөх ёстой. Харин гольдрол тодорхойлох урсцыг байнга өгч байх ёстой.
Гол усаа дэндүү хүч түрсэн байдлаар ашиглаж ирсэн гашуун туршлага одоо үеэ өнгөрөөж байгааг дахин хэлье. Серенгетийн нэгэн том гол буюу Өмнөд Африкийн Фиш голын урсцын тогтолцоог далан байгуулан хэт их эвдсэн нь тухайн орчмын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, аялал жуулчлалын салбарыг бүхэлд нь унагаж байсан жишээ бий. Тэр голын урсцыг хэтэрхий ихээр ашиглан, байнга тун бага түвшинд барьж байснаас болж тухайн орчинд хар ялааны авгалдай үржих таатай нөхцөл бүрджээ. Урьд байгаагүй их хар ялаа тэр хавиар шавах болж, голын эрэг хавийн гоёмсог байгалийг дагасан аялал жуулчлалын компаниудын бизнес унтарсан. Голын урсгал ихэсч багасан хэлбэлзэлтэй байх үед үерийн улмаас тэр хавьд хар ялааны авгалдай амьдарч чаддаггүй байжээ. Иймд байгалийн хэвийн тогтолцоог алдагдуулах нь эрсдэл, хохирол дагуулна.
Далан байгуулна гэдэг маш нарийн судалгаан дээр үндэслэсэн ажил юм. Нөгөөтэйгүүр тэнд хуралдах лаг шаврыг ундаргаар нь доош явуулж байхгүй бол нэгд, ус голын эргээ идэхээс гадна далан урт хугацаандаа шороогоор “дүүрэх” янзтай болж мэднэ.