Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

2014 салбарынханд илүү боловсронгуй шийдлийг авчирна



Дэлхийн уул уурхайн цогц программ хангамжийн чиглэлээр тэргүүлэгч “Micromine” компани энэ сарын 4-нд хэрэглэгч нартаа зориулан Micromine хэмээх программын шинэ хувилбарыг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан юм. Энэхүү өдөрлөгийн үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, МУИС, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль болон Геологи, газрын тосны сургуулийн төлөөлөлд шинэчлэгдсэн программын дээжээс өргөн барьсан юм.

Micromine программын шинэ хувилбарт өмнөхөө бодвол их хэмжээний өгөгдлийг шуурхай боловсруулах, олон өнцгөөр зүсэлт хийх, далд уурхайн малталтын загварчлалыг илүү боловсронгуй болгосон, вариаграм гэх мэт олон чухал үзүүлэлтийг нэмж сайжруулснаараа давуу болсныг өдөрлөгт оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. 

Үндсэндээ “Micromine” компани эрлээс хайгуул, хайгуулаас олборлолт, олборлолтоос үйлдвэрлэлийн хүрээнд бүхий л түвшний  боловсронгуй программыг үйлчлүүлэгч нартаа санал болгодог юм. Үүний хайгуулаас олборлолт хүртэлх үйл ажиллагаанд хэрэглэгддэг программ нь Micromine юм.

“Micromine” компани нь 1986 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 22 оронд салбараа нээн өргөжин хөгжөөд буй юм. Монголд 2006 онд салбараа байгуулсан байна.

Тус компанийн Micromine программ нь уурхайн нөөцийг тогтооход хамгийн чухал үүрэгтэй ашиглагддаг. Сүүлийн жил гаруй хугацаанд “Мicromine” компанийнхан энэхүү программыг сайжруулахаар ажилласан байна.


Д.БАТСАЙХАН:  Micromine программыг хамгийн үр  ашигтай болгож шинэчиллээ



“Micromine” компанийн худалдааны төлөөлөгч Д.Батсайхантай ярилцлаа.

Монголд салбарынхаа чиглэлд боловсон хүчин бэлтгэхэд  хэр хүчин чармайлт гаргаж байна вэ?
Манай компани 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр хүрээндээ боловсролын салбарт, ялангуяа оюутнуудаа дэмжих хүрээнд сургалтын хэрэглээнд зориулсан лицензүүдийг эх орныхоо голлох сургуулиудад олгох байдлаар хамтран ажиллаж байна. Ингэснээр оюутнууд  төгсөхдөө  нарийн мэргэжлийн эдгээр программыг эзэмшчихсэн, шууд ашиглах боломжтой болох юм. Оюутнууд манай программ хангамжийг ашигладаг уурхайд очих  юм бол шууд ажиллах бүрэн боломжтой. Ийм зорилгоор сургуулиадад программаа нийлүүлдэг. Одоогийн байдлаар МУИС болон ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Геологи, газрын тосны сургуультай хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ лаборатори байгуулаад ажиллаж байна. МУИС болон ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуульд уг программын сургалтыг хичээлийнх нь хөтөлбөрт оруулсан. Түүнчлэн Уул уурхайн инженерийн сургууль дээр бид сар бүр янз янзын хувилбараар сургалт зохион байгуулдаг.

Ашигт малтмалын газартай бид 2006 онд, Уул уурхайн яамтай 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, мэргэжилтнүүдийг нь энэ программд чадавхижуулахаар гадаад болон дотоодод сургалтад хамруулах хүрээнд хамтран ажиллаж байна.

Танай компанийн программ өнөөдөр Монголд хэр түгээд байна вэ?
60 орчим компани манай бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Гол онцлог нь ихэнх төрлийн ашигт малтмал дээр ашигладаг. Нүүрс, хүдэр, металын алинд ч хэрэглэж болно. Уул уурхайн компаниуд зарим нь нүүрсний төсөлтэй, зарим нь хүдрийн, нөгөө хэсэг нь шороон ордын төсөлтэй байж болно. Манай программыг авснаар бүх ордын төсөл дээр ашиглах боломжтой. Тус тусад нь   үнэтэй программ авах шаардлагагүй. Хоёр дахь гол зүйл нь энэ программыг хэрэглэхэд их хялбар болгож шинэчилсэн.

Бидний санал болгодог үндсэн дөрвөн программ бий. Field Marshal, GEOBANK, MICROMINE, PITRAM үүнд орно. Бид энэ хүрээндээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, уул уурхайн үйлдвэрлэлийн шат бүрт нь тусгайлан зориулсан программ нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажил дээр “log” хийдэг буюу уурхайн эхний ажиллагаанд зориулсан Field Marshal гээд программ байгаа. Дараагийн шатанд, хайгуулаа хийсний дараа геологийн мэдээллээ хамтатгаад нэгдсэн баазад шилжүүлдэг GEOBANK  программ бий. Ингээд нэгдсэн баазад шилжүүлсний дараа 3 хэмжээст байдлаар загварчлах, ордынхоо нөөцийг тооцох, ирээдүйд  өрмийнхөө хайгуулын ажлыг төлөвлөхөд зориулсан, өнөөдрийн өдөрлөг дээр  шинэ хувилбарыг нь танилцуулж буй MICROMINE программ байна. Үүний дараагийн шат нь  үйлдвэрлэлийн салбарт зориулсан PITRAM программ. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэлд оролцсон бүх тоног төхөөрөмж, хүн хүчийг хянадаг, үйл ажиллагааг нь тайлагнадаг программ юм. Өөрөөр хэлбэл, бид хайгуулаас эхлээд уурхайн үйлдвэрлэлийн бүх үе шатны программ хангамжийг нийлүүлдэг.

Танайх Micromine программыг 3 бүлэг ажил гүйцэтгэж илүү сайжруулжээ. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Ерөнхийдөө бид энэ программын илүү үр бүтээлтэй, хурдан ажиллагааг хангахын тулд 64 bit дээр ажиллахуйц болгосон. Ийм боломжийг тусгай хэрэгсэл буюу аппликэйшн гаргаж шийдсэн. Дараа нь геологи, хайгуулын салбарт ашиглах хэрэгслүүдийг илүү сайжруулсан төдийгүй шинээр нэмж оруулсан. Гуравдугаарт, уулын ажлын инженерийн тооцооны хэсэг, төлөвлөлтийн хэсгийг илүү сайжруулсан. Бид ийм гурван гол хэсэгт энэ удаа шинэчлэлт хийсэн.

Ингэхдээ нийт 730 орчим засвар, шинэчлэлт хийлээ. Дээр нь 310 удаа өмнөх функцүүдээ сайжруулсан, мөн шинээр үйлдэл функц нэмсэн. Үүнээс гадна 15 ширхэг статистик, диаграммын хэрэгслүүдийг цоо шинээр нэмж сайжруулсан.

 Мөн өдөр тутам ажилладаг дэлгэц дээр хоёр цоо шинэ Vizex дэлгэц нэмсэн.  Уг хоёр шинэ дэлгэцийн эхнийх нь тухайн ордын нөөцийн агуулгын хэмжээг  шууд интерактив хэлбэрээр харуулах юм. Жишээлбэл 2 гр тонноос дээш, доош агуулгатай гээд шууд дэлгэцэн дээрээ харж болно. Өмнө нь   тус тусад нь нэмэлт үйлдэл хийсний үндсэн дээр хардаг байсан. Мөн бид хоёр хэмжээст орчинд дэлгэцэн дээр ажиллах боломжийг гаргаж өгсөн. Өмнө нь дурын шугамын дагуу зүсэлт хийх боломжтой байсан ч тухайн цооногийг сонгоод дурын хоёр гурван өнцгөөр зүсэлт хийгээд хоёр хэмжээст байдлаар харах боломж хязгаарлагдмал байсан. Эдгээрийг бид өнгөрсөн 13 сарын хугацаанд хийлээ. Бидний хувьд урьд өмнө байгаагүй томоохон шинэчлэлт болсон.


Өдөрлөгийн үеэр шинэхэн программын дээжээс Монголын уул уурхайн салбарын төрийн байгууллага болон их сургуулиудын төлөөлөл гардан авсан юм. Ингээд тэдгээр байгууллагын зарим төлөөлөлтэй ярилцаж, программын ач холбогдол, боловсон хүчнийг үүнд хэрхэн сургаж бэлтгэж буйг нь тодрууллаа.


Уул уурхайн яамны Стратеги  бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл:

Уг программд боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр “Micromine” компанитай 2011 оноос гэрээ байгуулан ажиллаж байна. “Micromine” программ нь ордын нөөцөөс авахуулаад уурхайн олборлолт, уурхайн чиглэлээр маш сайн төрөлжсөнөөрөө давуу талтай. Монголд маш их хэрэгцээтэй. Өдөрлөгт оролцоод, 2014 онд энэ программаа шинэчилж, улам боловсронгуй болгосныг харлаа. Сүүлийн үеийн ололт, техникийн боломжийг ашиглаад хэрэглэхэд их ойлгомжтой хялбар болгожээ. Монгол улс энэ оны 10 дугаар сард “Олон улсын нөөцийн комисс”-т гишүүнээр элсэнэ. Тэгэхээр энэ чиглэлийн  шаардлагуудыг хангахад уг программ чухал. Тодруулбал variagram гэдэг маш чухал үзүүлэлт байдаг. Үүнийг уг программд тусгасан учир их өргөн хэрэгцээтэй юм. Хоёрдугаарт, уулын олборлолтын чиглэлээр  хүнд ажлыг программчилж системчилж өгснөөрөө уул уурхайн хөгжилд маш том ахиц авчирна гэж ойлгож байгаа. Үндсэндээ эдийн засгийн үр ашигтай нөөцийг тогтооход их чухал үүрэгтэй программ юм. Илтгэлээс харахад зүсэлт хийх боломж нэмэгдсэн байна. Хүдрийн тархцыг тогтооход илүү боломжтой болжээ.

Яамны хувьд мэргэжилтнүүдээ энэ программд сургах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Уул уурхайн олборлолтыг гурван хэмжээсээр үзүүлнэ гэдэг нь хамгийн сүүлийн үеийн ололт юм. Тэгэхээр бид уг программд дадсан мэргэжилтэн бэлтгэх ажлыг дэмжих чиглэлээр Micromine компанийн хамт олонтой нягт хамтарч ажиллана.


ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн захирал, доктор профессор Д.Оюун:

Манай сургууль “Мicromine” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Micromine программын сургалт явуулж эхэлсэн. Тус компани өмнө нь энэхүү программын лицензийг бидэнд өгч, сургалт хийж байсан. Манайд  мэргэжлийн программ хангамжийн хоёр лаборатори бий. Ихэвчлэн геологи хайгуул болон ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжилтнүүд Micromine программ дээр ажилладаг. Ашигт малтмалын нөөц бодож тогтоох, хайгуулын зүсэлт байгуулах гэх мэт  ажлыг энэ программыг ашиглаж хийдэг. Бид “Micromine” компаниас зохион байгуулж буй сургалтад багш нараа хамруулсан. Манай таван багш өнгөрсөн жил энэ программын сургалтад хамрагдсан. Хэдэн жилийн өмнө гурван багш   программын сургалтад хамрагдсан. Мэргэжлийн ангиудын хичээлийн хөтөлбөрт яг энэ программын сургалтыг тусгасан. Тусгасан чиглэлийн дагуу оюутнуудад программ хангамжийн мэдлэг олгож буй. Сургалтад Micromine программ дээр ажиллах   анхан шатны мэдлэг олгодог бол нарийвчилсан сургалтыг ахисан түвшний магистр, докторын зэргийн ангид тухайн хүнд зориулан судалгааны ажилд нь нэмэлт байдлаар оруулаад явах боломж бий. Өнөөдөр Мicromine программын шинэ хувилбартай танилцаж, лицензийг нь авах боломж олгож буйд маш их баяртай байна. Манай сургууль геологийн, гидрогеологийн, ашигт малтмалын, геофизикийн,  газрын тосны гээд 13 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Эдгээр ангид газарзүйн мэдээллийн системийн чиглэлийн ArcGIS, өнөөдөр танилцуулж буй Micromine, Modflow гээд усны загварын нөөцийн, эсвэл Surfer  геофизикийн программ ашигладаг. Тэр дундаа Micromine бол яг ашигт малтмалын нөөц рүү  чиглэсэн нарийн программ юм. Энэ чиглэлээрээ илүү их хөгжсөнөөрөө ач холбогдолтой.